Gala: Илтгэлтэй, дуу хууртай, дурсамжтай мөчүүдтэй хурал


                                                  Илтгэлтэй, дуу хууртай, дурсамжтай мөчүүдтэй хурал
                                                   “Дошин дээрээ”
 5сарын 8 ны өглөө эрт босоод, ямар хувцас өмсөх тухай бага зэрэг бодлоо. Учир нь энэ өдөр АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо, жил бүр уламжлал болгон явагддаг “Монгол судлалын бага хурал, АНУ дахь монгол урлаг, соёлын ажилтны чуулга уулзалт”ад очих гэсэн хэрэг л дээ. Уг арга  хэмжээ, Монгол улсаас АНУ-д суух элчин сайдын яаман дээр зохиогдох учир, төр улсаа хүндлэх бодолдоо захирагдаж, костюм пиджак зангиатай хослон өмсөхөөр шийдсэн нь андуурал байсангүй. Тэнд цугласан бүх эрчүүд миний адил, “албаны маяг”аар хувцаслаж, бүсгүйчүүд нь нилээд албархуу хэрнээ гоёмсог хувцасласан байсан нь, хүн бүр надтай адил, харь нутагт ч монголын төрөө хүндлэхийг хүссэн нь илэрхий.
 Сүүлийн 2 жил гаран хугацаанд, АНУ дахь Монголын ЭСЯ, АНУ-дахь монголчуудын олон арга хэмжээнд, дэмжлэг үзүүлэн оролцож, бас олон арга хэмжээг хамтран зохион байгуулж, өөрийн байрандаа явуулах болсон нь бидний “дошин дээр”  ээ жаахан маадгар, тарвалзах маягтай байх боломжийг олгож байгаа хэрэг л дээ.
 Элчин сайд Х.Бэхбат, хурал чуулганы нээлт хаалтын ажиллагаа болон, оройн арга хэмжээнд оролцож, “албархуу бус”  байдлаар хүмүүстэй харьцаж, санаа бодлоо чөлөөтэй солилцож, бас хөөрхөн наргиан үүсгэж байсан нь, оролцогчдын сэтгэл санаанд аятай санагдаж байсан шүү.
 Ерөнхий консул Г.Ганболд, М.Саруул-Эрдэнэтэй хамтран,” Даяармонгол”  цахим хуудсан дээрхи “Хөөрөг зөрүүлэх мөч” ярилцлагыг хөтөлдөг, бас олон арга хэмжээг зохион байгуулахад оролцдог гэдгээр нь Америкийн монголчууд сайн мэднэ. Тэрээр энэ удаа ч мөн л Монгол Соёлын төвтэй хамтран, энэхүү хурал чуулганыг зохион байгуулж байлаа.
 Хэд хэдэн арга хэмжээг ЭСЯ дээр зохион байгуулж байсан болохоор ЭСЯ-ны ажилтнууд, уулзалтын гоёмсог танхим, бидэнд аль хэдийн танил болж дээ.
 Хурал чуулганы 2 өдөр, оролцогчид ЭСЯ ныхаа байранд, өөрийн гэртээ байгаа юм шиг, ёстой л нөгөө “дошин дээрээ”  гэдэг шиг чөлөөтэй, дураар, сэтгэл хангалуун байлаа. Хурал нээхээс өмнө, консул Г.Ганболд бид хоёрын яриа, цаашид ЭСЯ ны зүгээс, монголчуудынхаа гаргаж буй санал санаачлагыг дэмжиж, олон ажил хамтран хийх боломжийн тухай байсан нь надад лав сайхан сэтгэгдэл төрүүлсэн.
                                                   Хурлаас хуралд
 АНУ-д монгол хэлээрээ болдог “Монгол судлалын”  болон, аль нэгэн салбар чуулга уулзалтыг, АНУ дахь Монголын ЭСЯ, Монгол Соёлын Төв хамтран зохион байгуулдаг болсоор 3 дахь жилийн өнгийг үзэж буй. Анхны хурлын тухай миний бие төдийлэн сайн мэдэхгүй ч, гадаадын голдуу дэмжигчид оролцож, монголчуудаас нилээд хүн илтгэл тавьж хэлэлцүүлсэн гэж сонссон. Шинэ зүйл болгоны эхлэл амаргүй.
 Харин өнгөрсөн оны өдийд болсон 2-р бага хурал, Боловсролын салбрын ажилтны чуулга уулзалттай хамтран болсон болохоор, оролцож байсны хувьд, би нилээд сайн мэдэх юм. Бараг 50 шахам хүн оролцож, нэг өдөр чуулсан , энэ хурал чуулганд АНУ-ийн нөгөө хотуудаас нилээд хүн зорьж ирж оролцсон болохоор, нилээд үр дүнтэй сайхан боллоо гэцгээж байсан сан.
 Харин энэ удаагийн хурал, чуулганд, АНУ-ийн өөр хотуудаас төдийгүй, Их Британи, Швейцарь, Монголоос нилээд хүмүүс зорьж ирэн оролцсон нь, ер нь олон улсын хэмжээнд  нэрлэгдэх боломжтой болж байгааг илтгэж байлаа. Монгол судлалын хурал ийнхүү богино хугацаанд, ийм эрчимтэй өргөжиж байгаа нь, зохион байгуулагчдын их зүтгэлийн буян, бас гадаадад байгаа монголчуудын, монголынхоо төлөө гэсэн, өөдрөг сэтгэлийн илрэл болж байна. Тэгээд ч 2 өдөр зарлагдсан илтгэлүүдээс гадна, явцын дунд хэлэцүүлэг, санал бодлоо илэрхийлэх хэлбрээр нэмэлт илтгэлүүд орж ирэн, оролцогчдын сонирхлыг татаж байсан нь, бас ч сайхан санагдаж байв. Гадаадад байгаа төдийгүй, Монголдоо байгаа монголчууд ч монгол судлал болон салбрын хөгжилд анхаарал тавьж байгаа нь, их хөгжлийн, сэргэлтийн эхлэл гэлтэй.
 Ирэх жилийн салбар хуралдааныг спортын чиглэлээр хийж магадгүй гэдэг чимээгээр, зарим спортынхон энэ хуралд сууж, битүүхэндээ “туршлага судалж, тандаж байсан”-ыг харин бусдад шивнэчихье.
                                            Соёл урлагийнхан цоглог байлаа
 Соёл урлагийнхан энэ удаагийн хуралд үнэхээр, цоглог, ажил хэрэгч байлаа. Циркийн алдарт нугараач, МУГЖ Ягаанцэцэг, Монголын радио болон Москвагийн радиогийн нэвтрүүлэгч асан, МУСГЗ Д.Доржбат нарын томчууд, МУСТА цолтой олон алдартнуудаар энэ чуулган үнэхээр чимэгтэй, содон, бас гайхуулам байв. Тавьсан илтгэлүүд нь үнэхээр чамбай, шавь нараа дагуулж, “амьд”  үзүүлэн таниулахтай, бас дэлхийн дайдад хийсэн юмтай, эелдэгээр санал солилцож, бие биедээ зөвлөж, эргэн дурсах олон дурсамжуудтай, үнэхээр ер бишийн чуулган боллоо. ” Гайхамшиг” гэхээс өөрөөр хэлэх үг байсангүй ээ.
-O.Лувсандагвыг, монгол хөөмийг АНУ-д сурталчилж, бас өөрийн гэсэн сургалт явуулж гарын шавьтай болж байгааг дуулж байсан. Тэрээр энэ удаа “Монгол хөөмийн ангиллын асуудалд”  нэртэй илтгэлээ өөрийн гарын шавь Доржоог дагуулан ирж, “амьд үзүүлэнтэй”  илтгэв. Монгол хөөмийг 6-12 төрөл байдгийг нотолж, үүнийгээ системтэй ангилан, үндэстэй нотолсон нь их л сонирхолтой байв.
-Вашингтон ДС -д олон концерт найруулж, модерн чиглэлийн гайхамшигтай бүжгээ наамдын үеэр, “сюрприз”  болгон үзүүлж байсан, балетмейстер Д.Өлзийсайхан, “Монголын бүжгийн урлаг ба модерн сэтгэлгээ”  сэдвээр илтгэл тавилаа. Монгол бүжгийн урлагын гайхамшиг, үүсэл , өнөөгийн хөгжлийн талаар тавьсан илтгэл, өөрөө биеэрээ бүхнийг хийж туулсан хүний, цаашдын хөгжлийн төлөөх санаа зовнисон сэтгэлийн илрэл байв. Харин нэрт сонгодог дуучин Ж.Болормаа, Өлзийд хандаж, монголд бүжгийн урлагийн төрлөөр уралдаан төдийлэн зохиогдохгүй байгаа нь хөгжилд нь муугаар нөлөөлж болзошгүй хэмээн сануулна билээ.
-Хөгжим судлаач, доктор Б.Батжаргалын “АНУд ажиллаж амьдарч буй соёл урлагийн салбарын монголчууд ба тэдний хүчин зүйлийн тухай” илтгэлд их олон сонирхолтой санаанууд хөндөгдсөн байна билээ. Батжаргалын сэтгэл дотор, гадаадад байгаа монгол авьяастнуудынхаа авьяас чадварыг бизнес болгон хувиргах, монголын урлагийг дэлхийн тавцанд гарган сурталчлах болон монгол залуусынхаа урлаг соёлын боловсролыг хөгжүүлэх талаар олон санаа эргэлдэж буй юм билээ. Тиймд ч түүний бичсэн олон зүйлийг “Даяармонгол”  цахим хуудсаас уншиж болох аж.
-Монголын уртын дууг судалдаг, Мариландийн Их сургуулийн докторант, солонгос бүсгүй Сун Мин Юн, “Монгол уртын дууны өвөрмөц нэр томьёо, түүнийг дүйцүүлэн орчуулах нь”  сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Харин илтгэлийг хэлэцүүлэх явцад,  Сун бүсгүйгээр монгол дуу дуулуулж, бяцхан “шалгалт”  авна билээ. Ямартай ч монгол уртын дууг судалдаг энэ солонгос бүсгүй, өмнө нь Монгол Соёлын Төвийн цуврал лекцээр бас илтгэл тавьж байсныг санаж байна.
-Морин хуурч Э.Уртнасан, “АНУ дахь морин хуур хөгжмийн өнөөгийн төлөв”  сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Э.Уртнасан өмнө нь бас Монгол Соёлын Төвийн цуврал лекцээр илтгэл тавьж байсан туршлагатай, түүнчлэн АНУ-д морин хуурын сургалт явуулж, бас олон арга хэмжээнд оролцож байсан болохоор түүнд хийсэн ажил, хэлэх үг зөндөө л бий билээ. Залуу хүн гэхэд их л няхуур нямбай, мэргэжилдээ дадамгай тэрээр онигоо ярих муугүй авьяастайг хурлын зав чөлөөгөөр сайн мэдэрсэнээ дашрамд дурдсуу.
-Албан ёсны эдгээр илтгэлийн завсараар, Лас Вегасаас ирсэн монголын  уран нугараач Отгонцэцэг, Эрдэнэчимэг, МУГЖ Ягаанцэцэг нар маш сонирхолтой мэдээлэл, хэлэлцүүлэг оруулж, олныг нэг хэсэгтээ “ангайлгаад”  авсан. Монгол уран нугаралтаар сургалт явуулж, судалгааны ажил хийж байгаа тэдний, хамгийн сүпер сюрпиз нь тэдний шавь, хар арьстан нугараач охин байлаа. Монголын уран нугараачид, монголын уран нугаралтын гайхамшигийг дэлхийд сонордуулж яваа нь, үнэхээр бахадмаар байсан шүү. Харин энэ төрлийг, дэлхийд монголоороо данслуулах талаар хүмүүс зөвлөж байсан.
 Урлаг соёлынхны чуулганд, Монголын урлагийн төрлүүдээс дэлхийд гайхуулж байгаа, хөөмий, бүжиг, уртын дуу, морин хуур, уран нугаралтын төрлүүдээр илтгэлүүд тавигдаж, хэлэлцэгдэж байсан нь тохиолдлын хэрэг огтхон ч биш байна гэж надад бодогдож байлаа. Гадаадад ажиллаж амьдарч байгаа, урлагийн авьяастнууд, зүтгэлтнүүд маань энэ л төрлүүдээр дэлхийн урлагийн тавцанд гарч, монголын гайхамшигт урлагийг сурталчлан таниулж, хүлээн зөвшөөрүүлэх алхам хийж яваа нь юу юунаас илүү бахдалтай.
 Бид өөрсдийгөө голохгүйгээр, өөрсдөдөө итгэж, их хөдөлмөрлөж, зүтгэж чадвал, монгол урлаг соёл маань дэлхийн дайдад огтхон ч үнэ цэнээ алдахгүй, харин ч гайхуулж бишрүүлж болохыг энэ чуулган нотолж харууллаа.
                                          Хэл шинжлэл, түүхийнхэн арай л догь
 Их ч уншиж, их ч судалдаг болохоор, энэ салбрынхан голдуу нүдний шилтэй, зарим нь сахалтай, “тохитой”  харагдах нь элбэг. Тэдэнд бас “амьд”  үзүүлэн бас байхгүй.
-Харин энэ ойлголтыг Moнголын “Их засаг” их сургуулийн дэд захирал Н.Учрал хэмээх залуу эвдэж орхисон.  Зав залуухан илтгэгч маань, нүдний шилгүй, сахалгүй байснаар үл барам, “Монголын түүхэнд хатад эмэгтэйчүүдийн үзүүлсэн нөлөө”  илтгэлээрээ мань мэтийн эрчүүдийг “будаа”  болгож, бүсгүйчүүдээс их өндөр үнэлгээ авах шиг болно билээ. Ямартай ч жендерийн асуудлыг зоригтой хөндөж, түүхээс иш татаж байгаад, эмэгтэйчүүдийн боловсрол мэдлэгийг ашиглах саналаа ил тод тавьж, дашрамд нь хүсвэл эрчүүд 2 эхнэртэй байж болох юм гэснээр хэн хэний нь санааг амраах шиг болсон. Харин өнөөгийн шинэ монголын нүүр царай болж байгаа, өндөр боловсролтой, ухаалаг, ажил хэрэгч энэ залууг бидэнд рекламдаж сурталчлах боломжоо Үржинбадам огтхон ч алдаагүй дээ.
-МУҮЙСийн багш, доктор П.Дэлгэржаргал “Монгол татаарын түүхийг нэхэн сурвалжлах нь”  илтгэлээрээ олон сонирхолтой санаануудыг хэлэлцүүлсэн. Энэ илтгэлээрээ ямартай ч МНТ бол “алтан ургийнхны түүх”эн бичлэг, өөр олон эх сурвалжуудаас монгол татаарын талаархи ойлголтыг эрж хайн, тодруулах боломж буйг тэрээр сауулна билээ.
-Харин Монголын үндэсний радио телевизийн ажилтан Л.Амарзаяа, “Нэвтрүүлгүүдийн хэл ярианы соёл”  илтгэлдээ, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа радио телевизүүдийн хөгжилтэй жишээн дээр, их л оновчтой санааг хөндсөн. Монгол хэлний мэргэжилтэй, өөрөө нэвтрүүлэгч байж, “халуун тогоон дотор ”  буцалж явсан тэрээр, өнөөгийн сонсогч,үзэгчдийн хамгийн их санаа зовоож байгаа сэдвийг хөндсөнөөрөө, өөрийн мэргэжлийн төлөө санаа зовж яваа шаналлаа хуваалцсан.
-Монголын “Их засаг”  Их сургуулийн Т.Түвшин “Р.Чойном бол ардчилал, эрх чөлөө, үнэнч шударгын дууч” илтгэлдээ, их яруу найрагчийн хүнд хэцүү амьдарлын дундах зовлон шаналлаас, ийм дүгнэлт хийж үүнийгээ тодорхой баримтуудаар баталгаажууллаа. Эцсийн эцэст Р.Чойном бол тухай цаг үейин золиос болсон юм гэдэг ойлголтод олон хүн санаа нэгдсэн.
-Монгол Соёлын төвийн тэргүүн, доктор Саруул-Эрдэнэ “Орчин цагийн монгол хэл нь, хүн хүн бусын айтай болох нь”  илтгэл их сонирхол татсан. Олон хэл харьцуулан судалсны үндсэн дээр түүний дэвшүүлж буй цоо шинэ санаа, их л маргаан дэгдээх бололтой. Хэлэцэгчид энэ санааг шууд хэрэглэж болох эсэх, цагаан толгойн 35 үсгээс огт хэрэглэгддэггүй, онцгой 4 гийгүүлэгчийг хэрхэх тухай асууж, саналаа хэлж байлаа.
Ямартай ч монголдоо төдийгүй,  дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаа, энэ эрдэмтэн, судлах цэгцлэх олон зүйл монгол хэлэнд байгааг дашрамд хэлж сануулсан.
  Монгол судлалын бага хурал, жил бүрийн түүх, хэл шинжлэлийн илтгэлүүдээрээ бага гэхийн аргагүй олон сонирхолтой нээлт, санааг хэлэлцэж байдгийг мэдэх юм. Тиймдээ ч энэ бага хурлын нөлөө жилээс жилд өсч, оролцогч, сонирхогчдын тоо нэмэгдэж буй. “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм”  гэдэгчлэн энэ бүхэн нэгэн цагт ухааны их далай болж монгол судлал, монголын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах буй заа.
                                   Монгол Соёлын Төв
 Үүсгэн байгуулагдаад 3 жил болж буй, АНУ-д байгаа монголчуудад аль хэдийн танил болсон энэ байгуулалга 3 жилийн тайлангаа тавьсан. Хааяа нэг хэрэг болоод утасдах бүрийд,  Америкийн хаа нэгтээ ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулж, оролцож явдаг М.Саруул-Эрдэнийг яаж энэ бүхнийг амжуулж байнаа гэж би заримдаа гайхдаг юм. Саруул-Эрдэнэгүй ажил хаа ч байхгүй юм даа, “нурууг нь авчих вий”  гэж найзууд нь сэмхэн ярих. Нээрээ л наадам, цагаас сар болсон ч Саруул хэзээний микрофон барьчихсан, хүүхдүүдийг уралдуулж, барилдуулж, цоллож байх. Энд тэндэхийн уулзалт бүрд, ёс юм шиг Саруул зохион байгуулалцаж, дараа нь зочноо гэртээ аваачиж дайлж л байх. Хөл бөмбөгийн тэмцээнд хэзээний л гүйж, оролцож явна. Хажууд нь “Даяармонгол”  цахим хуудас өөрийн эрхэлж буй ажил, судалгаа, бичгийн нөр их ажил…
 Ийм нэг завгүй, хөдөлгөөнтэй даргатай, бүсгүй хэдэн цэрэгтэй, АНУ дахь Монгол Соёлын Төв гэж айл,3 жилийн хугацаанд, хийж бүтээсэн их ажилтай, хэлж тайлагнах
их бүтээлтэй болжээ.
1.Монголын ЭСЯ тай хамтран, Монгол судлалын бага хурал, салбрын ажилтны чуулган, “Хархорин клуб”, Индианигийн ИХ сургууль, Төвд-Мөнгөлын шашны төв, Америкийн монгол судлалын төвтэй хамтран хийсэн олон сайхан арга хэмжээг дурдсан. Ихэнхи нь Мэдээллийн хэргслэлээр мэдээлэгдсэн боловч, Монголын УБИС-ийн сэтгүүл зүйн танхимд бэлэлгэсэн 12 хайрцаг ном, Увс аймгийн Малчин сумын сургуульд байгуулж буй англи хэлний иж бүрэн танхим зэргийг дурдахгүй байж болохгүй.
2. 3 жилийн хугацаанд зохион байгуулсан, 15 цуврал лекцэд Т.Галсан,Баабар нараас гадна олон судлаачид оролцсон байна. Ийм лекцүүд нь гадаадад байгаа монголчуудын оюун ухаан боловсрол, мэдлэгт нь “далайд дусал”  мэт их нэмэр болдог аж.
3.Вашингтон орчмын монголчуудын оролцох дуртай “Хөтөчтэй аялал” -aaр АНУ-ийн нийслэлд байдаг “Эрх чөлөөний цэцэрлэг-Ивө-Жимагийн хөшөө-Хөлландын хонх”, “Teодор Рузвэльтийн арал”, “Конгрессийн номын сан”, “Франклин Делеанор Рузвельтийн дурсгал”, “Арлингтоны чимээгүй хот”, ” Мариланд мужийн жимсний цэцэрлэг”, ” ДиСи хот дахь үндэсний Катедрал музей”  зэргийг үзүүлсэн нь, олон ч монголчуудын чөлөө цагаа зөв өнгөрүүлж, энэ явцдаа мэдлэг оюунаа тэлж байдагт хүмүүс ч талархалтай ханддаг аж.
4.АНУ-аас монголд ажиллаж байсан мэргэжилтнүүд, монголыг сонирхон судалж буй оюутнууд, монгол хань ижилтэй америкчуудад зориулсан “Монголын цаг”  хөтөлбөрөөрөө, тэдний монгол хэлний мэдлэгийг мартуулахгүй, бас хөгжүүлэхэд нь туслах гэж олон хөгжилтэй арга хэмжээ зохиодог аж. Нэг талаас монголчууд, нөгөө талаас америкчууд нэгдэн, монгол хэлийг америкт түгээхэд энэ хөтөлбөр ихэд тустай гэнэ.
 Монгол Соёлын Төв нь Виржина мужийн Арлингтон хотод бүртгэлтэй, АНУ-ын 5 муж болон Монгол улсад 30 орчим гишүүнтэй болсон байна. Харин Төвийн хүндэт гишүүн нь, Монгол Улсын ерөнхийлэгч асан Н.Багабанди, Блүүмингтөн хот дахь Төвд Монголын Бурхан Шашны төвийн тэргүүн Ажаа гэгээн, Макалестер Коллежийн Хүн Судлалын профессор Жак Ведерфорд нар гэнэ. Харин энэ хурал чуулганы ажиллагаанд амжилт хүсч, энэ 3 хүндэт гишүүд мэндчилгээ ирүүлсэн байсныг нээлтэн дээр уншиж танйлцуулж байсан.
 Монгол Соёлын төвийн гишүүнээр элсэх боломж нээлттэй агаад, гишүүд нь жилд 50$ татвар төлж, үйл ажиллагааг нь дэмждэг аж. АНУ- д байгаа монголчууд бид бие биеэ дэмжиж, зөв сайн үйлсэд нь сэтгэлээсээ тусалж байхын муу гэж үгүй билээ.
                                         Хурлын эргэн тойронд
-Эхний өдрийн хуралдааны завсарлагаанаар, хуралд оролцогчид бөөнөөрөө Конгрессийн номын сангаар аялж, монгол хуучин ховор номуудтай танилцсан. Хаа байсан холын Америк нутагт, тэр тусмаа конгресиин номын санд нь монгол номын дээжисээ үзэж, ховор судар номоо харна гэдэг их сайхан завшаан байлаа. Номын сангийн ажилтан хадагтай Сюзан Мейнхет, биднийг их найрсагаар угтан авч, дуртайяа үйлчилсэн нь их л таатай сайхан.
-Харин номын сангаас гараад бүгдээрээ, алдарт Капитолын дэргэд даруулсан патиарыг маань, хурлын төгсгөлд бүгдэд нь тарааж өгөхдөө Саруул маань, “энэ зургийн үнийг Монгол-худалдааны танхимын тэргүүн Жагдагдорж төлсөн юм шүү”  гэж зарлаж байсан . Хөөрч баярласан зарим нь сайн анзаараагүй байж магадгүй. Ямартаа ч Жагдагдоржид талархалаа дэвшүүлэхгүй бол “гомдож мэднэ”
-Холын Их британи улсаас зорин ирсэн, Британийн монголчуудын холбооны тэргүүн Б.Эрдэнэтүяа, МУГЗ Д.Доржбат, Т.Оюунчимэг, МУГЖ Ягаанцэцэг, Монгол улсаас зорин ирсэн, “Их Засаг”  Их сургуулийн Н.Учрал, Т.Түвшин, “ТВ-9” телевизийн редактор, хөтлөгч Ц.Гүрсэд, зураглаач Н.Энхчүлүүн, МҮӨНРТВ-ийн Л.Амарзаяа, Швейцараас ирсэн Ч.Гансүх нар хамгийн хүндтэй зочид байлаа. Их Британаас ирсэн зочид маань эсгий урлалын сайхан үзэсгэлэнтэй ирж, бидний нүдийг хужирлаж, атааг бяцхан хөдөлгөөд авсан даа. Харин “ИХ Засаг” ийнхан маань мундаг мэндчилгээ, дурсгалын зүйлтэй ирсэн байсан.
-НЬю-Иоркоос ирсэн Үржин бадам, төрөлхийн зангаараа бүгдийг бужигнуулж, Их Британаас ирсэн зочдынхоо авьяасыг илчилснээр, оройн хүлээн авалт дээр Б.Эрдэнэтүяаг “Сэгс цагаан богд”  шүлгийг нь уншуулж, өөрөө ч эсгий хувцасны загвар өмсөж, шаггүй моделиар болохоо харуулсан. Б.Эрдэнэ туяагийн уншсан “Сэгс цагаан богд ууланд, сэтгэл байвал жаргал байна” хэмээх төгсгөлийн мөр, олон хүний “хамрын самсааг шархируулсан” даа.
-Монгол Соёлын Төвийн хэдэн бүсгүйчүүд, 2 хоног борви бохисхийлгүй үйлчилсэнд талархаж, оролцогч хүн бүр “тээр жил нэг их идэж уугаагүй юу? ”  гэсэн дурсамжтай буцацгаасныг дамжуулья. Зарим нь ч “очоод нэг хэсэгтээ та нарын хуушуурыг санах байхдаа гэж” сэмхэн санаа алдаж байсныг харснаа гэрчилнээ.
-Хурал болгоныг удирдаж, нөр их туршлага суусан, Консул Г.Ганболд, Бадан гуай, Саруул-эрдэнэ нарыг 2012 оны сонгуульд гадаадад байгаа монголчууд оролцож, саналаа өгөх боломж гарвал УЙХ-д дэвшүүлэх талаар зарим хүмүүс, сэм санал гаргаж байна билээ. Юмыг яаж мэдэх вэ? “Дотроо бодолтой, дороо суурьтай байхад гэмгүй”  гэж сануулья. Цаг нь тулаад татгалзвал, би л лав та нарын өмнөөс хариуцлага хүлээхгүй гэдгээ айлтгая.
-Хурлын хамгийн хамгийн сэтгэл догдлом мөч, хаалтын концерт байлаа. АНУ-д байгаа монголын урлагийн сорууд, бас хар цагаан арьстай шавь нар нь нэгдэж, тоглосон энэхүү гала-концерт эхнээсээ дуусах хүртлээ, соц үейинх шиг нижигнэсэн алга ташилтын дор болж өнгөрлөө. Дуучин Сарангийн дуулсан “Монголын тал нутаг”  дуу, бүх хүний “самсааг шархируулаад” зогсохгүй, нулимсыг нь ердөө л урсгаж орхисон. Бие биеэсээ салж чадахгүй хоргодсон бүгдээр, “Халуун элгэн нутаг”  аа дуулцгааж , эх монголоо санасан сэтгэлээ, нүднээс урсах нулимсаар чийглэж, зүрхнээс гарах хайраар аргадан байж тайвширцгаав. Илтгэлтэй, “амьд үзүүлэнтэй”,  дуу хууртай, сэтгэл догдлол, хөгжөөнт мөчүүдтэй, гэгээн сайхан дурсамжтай, Монгол судлалын бага хурал, урлаг соёлын ажилтны чуулга уулзалт ийнхүү өндөрлөв. Энэ бол хөгжил дэвшил, гадаадад байгаа монголчуудны нэгдэл, дэмжлэгийн ЭХЛЭЛ байлаа.
 Дараа жилийн хурал, чуулга уулзалт даан ч хол байна даа, хол байна.

                                   Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
    e-mail:gala_mn@yahoo.com                                               2009-05-09
 
 

Сэтгэгдэл бичих