Attention All Australia Wide Mongolians!


Ene japan dahi mgl zaluugiin 2007 ond uusgesen VirtualMongolia site gantshan jiliin dotor 2000 garui gishuudtei, mash ih heregtseetei medeelliin san buhii, japan dahi mglchuudiig holboson huchirheg suljee bolj tomorson. OpenPSE 10.0 hemeeh open source ashiglasan web-tei. Australia-n mglchuudiin huvid zovhon uusel todii hed heden webuud, bloguud bii. Edgeer nootsuud deer bas tulguurlaj bolohiin. Busad blog, webiin ezdees bas demjleg uzuulj, post-ooroo, tsag zavaaraa contribute hiivel sain bn.

Deehen uyed bichsen ene postuud ni mash ih taalagdaad baigaa yum.

Australia dahi Mongolchuudaa!! Ali zavtai, bolomjtoinuud ni niileed neg goyo zariin bulantai, forumtai, gishuud burtgedeg tomhon website-tai boltsgooyo tehuu! Boditoor tusalj chadahgui ch sanhuugeer, setgel sanaagaar ch bolov demjih hun baival sain bainaa, saihan bainaa. Dawai Mongolchuudaa! Mongol gesen neriig zuuj naaj heregleh bish, baigaa baigaa gazraa baharhaltaigaar ondort orgoj yavtsgaaya! (Magi-gaas zeeldev)

From: http://erintulgatmn.blogspot.com/2007/12/blog-post.html 2007/12/09

Локал сайтны тухай санал

(2006.11.05-д бичсэн)Өдий болтол цөөхөн монголчууд ХАЯГЖСАНГҮЙ. Хөдөөний ардыг болъё, орчин үеийн гэх Улаанбаатар хотод шуудангийн үйлчилгээ үндсэндээ алга. Цахим технологи, онлайн худалдаа, и-коммерсоор дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байя гэвэл бараа солилцоог хангах үйлчилгээ, систем гарцаагүй хэрэгтэй. Энд хаягжилт гэдэгт мэйл хаяг ч юмуу Гүүгл аккаунтын тухай яриагүй байна л даа. Зүгээр л шуудангийн хаяг, гудамж байрны хаягийн тухай ярьж байна. 13-р зуунд дэлхийд анхны буухиа өртөөг байгуулсан Өгөөдэй хааны үр сад ийм царайтай 21-р зууныг угтлаа. Энэ бол манай төр ямар арчаагүй ноль заасан байдалтай байгааг харуулах нэг тод жишээ мөн.

Уул нь би төрийг шүүмжлэх гэж биш, өөрийгөө шүүмжлэх гэж бичиж эхэлсэн ухаантай юм. Юу гэвэл, төр засгийг шүүмжилж байгаа залуус бид өөрсдөө тэр байр сууринд очвол үнэхээр юм хийж чадах уу? Гадаад дотоодод боловсрол эзэмшсэн, элдвээр чамирхсан тэр л залуус үнэхээр уулыг нурааж усыг эргүүлэх чадалтай юу? Миний эргэлзээг төрүүлдэг наад захын жишээ бол өнөөдрийг хүртэл Японд монголчуудын локал коммюнити, боловсронгуй мэдээллийн сайт байхгүй байгаа явдал юм. Локал коммюнити, төр улс хоёр нэг харахад хамаагүй мэт боловч, мөн чанарын хувьд адил гэж хэлж болно.
Нэг улс гэдэг бол ердөө нэг хэсэг хүмүүсийн цуглуулга. Хувь заяа нь газарзүйн нэг орчинд биеийг оноож, соёлын нэг хөнжлөөр оюуныг бүтээснээс цаашгүй. Тийм хүмүүс зохион байгуулагдаад байгаа нь төр. Менежмэнт сайн хийгдэж, нийгэм бүхэлдээ дэвшиж байвал төр сайн ажиллаж байна гэсэн үг. Тэгвэл гадаадад байгаа монголчууд ч гэсэн бас хүмүүсийн цуглуулга. Ялгаагүй хэл, соёлоороо ижилссэн “бяцхан улс”. Локал коммюнити хүчтэй хөгжиж, харилцан туслах нэтворкийн хэмжээнд хүрсэн бол “бяцхан төр” онц ажиллалаа гэсэн үг. Харин тухайн жижиг хүрээнд зохицуулалт хийж, орчин тойрноо өмнө байснаас илүү дэвшилд хүргэчих аавын хүү байхгүй бол тэндээс улс орныг авч явах удирдагч төрнө гэж найдахад хэцүү. Зүсэн бүрийн арга мэхээр ширээ сандалд хүрэх хүн байж болно, тийм миссионгүй, чадваргүй хүмүүсийн явах зам тодорхой.Сүүлийн үед нэг зүйл их бодогдох болоод байгаа юм. Дахиад хэдэн жил Японд байх хугацаандаа дээр дурдсан коммюнити сайтыг бүтээчих юмсан гэж. Зүгээр л нэг сайт хийх бол ядах юмгүй байх, гол нь байнгын ажиллагааг хангах бааз суурийг нь тавих гэдэг асуудал юм. “Тийм юм үнэхээр хэрэгтэй гэжүү? Бүгдээрээ яаж ийгээд л болоод байгаа шүү дээ” гэж арай асуухгүй биз дээ. Потенциал хэрэгцээ, нүдэнд тэр болгон харагдахгүй нуугдмал ач холбогдол их бий.
Өнөөдрийг хүртэл би “манай монголчууд ийм” гэж бусдыг, ялангуяа өөрөөс дээших үеийн сэнпай нарыг шүүмжлэх маягтай явж ирлээ. Тэгээд нэг мэдэхэд, өөрийгөө анзаартал харин би өөрөө тэр хариуцлагыг хүлээх ёстой байр сууринд иржээ. Огт хийж байгаагүй биш л дээ, дээрх шиг зорилготой Амонгнэт гэдэг сайт эхлүүлж байсан удаа бий. “Дараа үеийнхээ оюутнуудад” нийтлэлээс минь энэ тухай уншиж болно. Сайт удалгүй зогссон. Цаг их орохоос гадна хамтарч дэмжих хүн олдохгүй байснаас үргэлжлэх боломжгүй болсон юм.
Одоо дахиад нэг үзээд алдах бодолтой байна. Тэгээд ч тэр үеийг бодвол монголчууд олширч, гар нийлэх нөхдүүд ч энэ хавь орчмоор эргэлдээд байна, бас бизнес утгаараа санхүүгийн хувьд өөрийгөө даах, тэрүүхэндээ болгоод явах боломж байж болохоор байна. Интернэт хэрэглэгчдийн Social Networking-д хандах хандалт Яхүү, Гүүгл зэргийг давах болоод байгаа сурагтай. Японы Микси гэхэд сар гаруйн өмнө хувьцаагаа биржид дэлгэхэд ханш нь огцом өсч маш эрэлттэй байсан.
Дэлхий дээр хаа сайгүй Чайна таун байдаг. Рийл (real) орон зай дахь хятадуудын хотхон. Тэгвэл цаашид заавал рийл хот байх албагүй. Нэг нь Хирошимад, нөгөө нь Киотод сууж байг. Уулзах газар нь виртуал Монгол Хотхон. Энэ хотын шавыг тавих, инженер байгууламжийг хийхэд нэлээд хүч хөрөнгө хэрэгтэй. Гэхдээ рийл хотыг бодвол гайгүй. Иймэрхүү санааг өнгөрсөн 6 сард Web 2.0. хэмээх бичлэгдээ бас бичсэн. Бүтэх эсэхийг сайн мэдэхгүй. Тийм амар санаснаар болох зүйл биш, хоосон мөрөөдөл төдий дуусч ч магад. Гэхдээ хэцүү гэдэг бол боломжгүй гэсэн үг биш. Эртний Грект хот улсууд хөгжиж байсан тухай түүхийн номноос уншиж байсан байх. Хот улсууд гэдэг нь миний дотор ардчилалын билэг тэмдэг байдаг юм. Хотын хувь заяаг өөрсдөө шийдэх, түүнд оролцох иргэдээс бүрдсэн хот. Рийл ертөнц дээрх улс төр ялзарч дууссан байг гэхэд нэт ертөнц дээр цоо шинэ “улсыг” бий болгох боломжгүй юм байхдаа?
Жаахан зөгнөе. Хааяа зөгнөх, мөрөөдөхөд зүгээр. Интернэт хэрэглэгчид Монголын амьдралыг жолоодох үе заавал ирнэ (угаасаа тэр үед хүн амын ихэнх нь интернэт хэрэглэгчид болно). Эдийн засгийн үгүйдээ тал хувийн эргэлт, трансакшионууд интернэт дээр явагдана. Зөвхөн Монголд байгаа хүмүүс биш, дэлхийн орон оронд байгаа монголчууд холбогдож, виртуал Монгол улс рийл Монгол улсын амьдралд шууд нөлөөлж эхэлнэ. Тэр үед бидний тэмүүлээд байгаа шинэчлэл, нийгмийн өөрчлөлт аяндаа, хүссэн хүсээгүй явагдах л болно. Эсрэгээр, түүнээс өөрөөр бол найдвар тун бага.
Япон дахь монголчуудын локал сайтыг хийнэ гэвэл та оролцох уу? Дэлхий дээр монголчуудын виртуал хотхонуудын эхнийх нь болог. Сонирхож байгаа бол юу ч гэсэн мэйл ирүүлээрэй.

*********************************

2007/12/09

Дараа vеийнхээ оюутнуудад

Өөрийн бичсэн Бусгаар тогтносон Монгол номноос.

—————————————————
(Японд суралцагч монгол оюутнуудын “Amongnet” сайтын өмнөх үгэнд бичсэн бичвэр)Та бүхний үзэж байгаа энэ вэбсайт анх 2002 оны 2 сарын 17-нд үүд хаалгаа нээсэн юм. Япон дахь монголчуудын маань дунд мэдээлэл солилцох байнгын ажиллагаатай хоомпэйж байхгүй байгаад сэтгэл эмзэглэсэндээ анх С.Энхбаяр, Н.Цэцэгханд нартай хамтран эхлүүлж билээ. Өөрийнхөө мэдэж байсан хэдэн мэдээллийг эмхтгэн оруулж, бас “among” мэйлийн листэд хүмүүсийн бичиж ирүүлдэг зөвлөмжүүдийг нэг нэгээр нь оруулж тавиад байлаа. Хүмүүс мэйлээ латин үсгээр бичдэг болохоор нэг бүрчлэн кирилл рүү хөрвүүлж оруулна. Энэ мэтээр урагшлуулах явцад үүнд өөрийнхөө 300 гаран цагийг зарцуулсан байх юм. Хүмүүст хүргэж байгаа мэдээллийнхээ үнэ цэнийг, өөрийн зарцуулсан цагтайгаа хамт зах зээлийн ханшаар тооцвол хэдий хир юм болох бол? Гэвч хүний сэтгэл санаанд мөнгөөр хэмжигдэхгүй үнэт зүйл бас байдаг даа. Найз нар маань “чи өөрөө таашаал авч байгаа болохоор хийж байгаа байлгүй” гэж хэлдэг юм. Тэдний үг ортой байж болох ч, яг үнэндээ би хэн нэгэн Цээгий, Баагий нарт хэрэгтэй мэдээлэл өгч тусалснаар таашаал ханамж аваад байх хүн бишээ. Нэг хоёр хүн баярлаад өнгөрөх биш, нийт дундад маань харилцан тусалдаг тогтолцоо, уламжлал бий болох нь чухал. Үүнийг хэн нэг нь эхлүүлэх л ёстой гэж бодсон. Энэ бол ердөө нэг “зугаагаа гаргах, таашаал авахын” төлөөх хир хэмжээг давсан ажил байсан гэж бодож байна.
Японд сурч ажиллаж байгаа залуучууд нэгдэж ажиллаж, хоорондоо дотно харилцаа үүсгэж, бүтээлч хүмүүс болж төлөвшвөл хэр баргийн хөрөнгө оруулалт, зудны тусламжаас дутахгүй эх оронд маань хэрэгтэй үйлс болно гэж би боддог. Нүдэнд харагдах хэдэн цаасны өгөө аваанаас нүдэнд харагдахгүй ч гэсэн хүний оюун ухаан, сэтгэл санаа руу чиглэсэн үйл ажиллагаа, мэдээллийн нийлүүлэлт хавьгүй тустай. Дээхэн нэг залуу “Урам” уулзалтын зохион байгуулагч нарт хандаж “та нар энд хэнхэглэж худлаа ярьж суухаар монголдоо буцаж оч, очоод юм хий” гэж мэйлээр агсагнаж байсныг санаж байна. Энд оюутнууд яах гэж ирсэн билээ? Сурах гэж. Сурах гэдэг чинь ганцаараа ном шагайгаад суухыг хэлэхгүй, хоорондоо ярьж маргаж байж сурсан эрдэм задардаг. Бас ирээдүйд ажил дээр гарч, нийгэм дотор биеэ авч явах дасгал болно гэсэн утгаараа иймэрхүү уулзалт маш хэрэгтэй гэдэг дээр та бүхэн санал нийлэх байхаа. Ер нь өөрөө юу ч хийдэггүй хирнээ хийж байгаа хүнийг шүүмжлэх дуртай мэргэн цэцэн хүнд би үнэхээр дургүй. Тийм хүн цөөхөн ч гэсэн, сэтгэлээрээ дэмжиж яваа бусад хүмүүс нь сайн дуугарч, урам хайрлаж байхгүй бол дандаа шүүмжилж дайрч довтолсон үгнүүд сонсогдоод байх нь байна шүү. Энэ сайтийг хийх хугацаанд ч ялгаагүй. “Дизайнаа сайжруулаачээ, яасан уйтгартай юм бэ, бүр гоё болгоочээ” гээд л, ерөөсөө ганц хуруугаа хөдөлгөж тус нэмэр болоогүй байж нэхэж шаардаад байх хүнтэй олон таарлаа. Шүүмжлэл хэрэгтэй байлгүй яахав, гэвч зөвхөн шүүмжлэхээс гадна, засч сайжруулах талаар санаа оноо, бас ажилд нэмэр болох бодитой туслалцаа түүнийг нь дагалдаж байвал сайнсан.
Би анх 2-р курсэд байхдаа сургуулийнхаа Гадаад оюутны зөвлөлийн ажилд оролцдог болж, тэндээсээ сургуулиа төлөөлж Бүх Японы Гадаад Оюутны Нэтвөөк гэдэг байгууллагад ажилладаг болсон. Ингэж явах үедээ маш олон сайн хүмүүстэй учирч, ихийг сурч, бас аминдаа энд тэнд “Монгол” гэдэг нэрээ гаргаж явлаа. Ер нь би бүх оюутнууддаа хандаж идэвхтэйгээр сурч амьдраачээ гэж уриалмаар байгаа юм. Одооных шиг ихэнх нь идэвхгүй байвал, ганц хоёрхон хүн энэ бүгдийг нөхөх гэж хэрээс хэтэрсэн чармайлт гаргахаас аргагүй байдал үргэлжлэх болно. Азийнхан, тэр дундаа монголчууд их даруухан, өөрийгөө голж “за тэр лагууд нь л хийнэ биз” гэж хойш суудаг. Ингэж хүн бүр өөрийгөө голж, юмны ардуур орвол эцэстээ хэн ч хөдлөхгүй ба биелж бүтэх сайхан боломжууд хэзээ ч эргэн ирэхгүйгээр биднийг орхин одох болно. Өөрийгөө голж огт болохгүй, тэр юм хийгээд байгаа хүмүүс гэдэг нь ч гэсэн яг адилхан жирийн оюутнууд байгаа юм шүү дээ. Би өөрөө гэхэд компьютерийн талаар олигтой мэдлэггүй, энэ вэбсайтийг мэргэжлийн хүнд хэлэхэд ичмээр ердөө Word дээр хийж ирсэн.
Хуучин социализмын үед хүчээр нийгэмчилж, хүчээр нэгтгэж байсан учраас өнөөдөр “олон нийтийн ажил”, “хамтрах хорших” гэдийн талаар өрөөсгөл ойлголт, нэг үгээр хэлбэл алергитай болжээ бид. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэх мэт лоозонг хоосон цээжилдэг байснаас биш, үнэхээр өөрт болоод бүгдэд хэрэгтэй учраас нийтийн үйлсэд оролцох хэрэгтэй гэдгийг ухамсарлаад оролцож байсан нь ховор. Ардчилал гэж зөвхөн чөлөөт сонгууль, олонхийн шийдвэрийг хэлдэггүй. Хүн бүр асуудалд оролцох, тийнхүү оролцох хэрэгтэйгээ ухамсарлах, оролцохыг эрмэлзэх нь ардчилалын үндэс. Америкийг аваад үзье л дээ, анх энэ шинэ тив дээр учир замбараагүй баахан хүн хүрч ирсэн ч, хүмүүсийн ухамсарт оролцоог нэгтгэн зөв зохион байгуулалтыг бий болгож, зөв иргэншлийг бүрдүүлснээр л ирээдүйн хүчирхэг гүрний суурийг тавьсaн.
Монголчуудаас идэвх шаардагдаж байгаа бас нэг шалтгаан бол Монгол орныг маань гадныхан төдийлөн мэдэхгүй байгаа явдал гэж хэлж болно. Монголыг Хятадаар бодох, тэр ч бүү хэл улс үндэстнийг маань арай ч дээ, “монголизм” гэдэг сэтгэцийн өвчнөөр (албан ёсны нэр нь “Down’s syndrom”) төсөөлөх хүн байна. Монгол гэдэг энэ жижиг буурай орон өөрийгөө зөвөөр таниулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн жинтэй гишүүн болохын тулд цөөхөн хэдэн иргэд нь байдаг чадлаараа “тийчилж” ана мана үзэлцэхээс өөр аргагүй. Ирээдүйд бүс нутгийн болоод дэлхийн хэмжээний асуудалд оролцож, тэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд одоо бид хоорондоо хөл гараа нийлүүлж сурах, бусад гадаадын оюутнуудтай хамтран ажил явуулж сурах (тэр дотор санаачлагч нь, уриалагч нь байвал бүр сайн) хэрэгтэй байгаа юм.
Өвөр монголчуудын энд тэнд юм зохиож байхыг нь хараа биз дээ? Та бидэн дотор монгол гэдэг нэрээ харамлан, “Хятадаар шаагилдчихаад монгол соёл энэ тэр гэж сурталчлаад байдаг” гэж бухимдах хүн цөөнгүй байдаг байх. Гэтэл бид өөрсдөө юу хийсэн билээ? Айхтар сүрхий монгол орноо сурталчилж чадаа билүү? Тэд ямар зохион байгуулалттай, хүн бүр ямар идэвхтэйгээр ажилд оролцож байна? Бидний жишээ гэхлээр нэг арга хэмжээ болдог, ажил хийлцэх хүн байхгүй хир нь идэж уучихаад ядаж хогоо цэвэрлэхгүй хаячаад явна. Ингээд л хэдхэн хүн хамаг хог шороогий нь албатай юм шиг цэвэрлэж цаг хүчээрээ хохирно. Ийм байдалд олон дахин ажил зохиогдож чадахгүй болох нь мэдээж. Аягүй бол нэг уулзалтан дээр хоёр согтуу зодолдож хэрэг үүсгэнэ. Гэхдээ харин захиж хэлэхэд, монголчууд ийм шүү дээ гээд нийлж уулзахаа больчихов доо. Бид одоо ийм байж болно, гэвч энэ бүхнээ засч өөрчлөх ёстой, засрах ч болно.
Холбоо, бүлэг, клуб гээд ярихаар л дээр үеийн олон нийтийн байгууллагыг төсөөлөөд байх хүн бидний дунд цөөнгүй. Ажилд ер оролцохгүй хаа хамаагүй явж байснаа, “эрх ашгаа хамгаалуулах” болмогц гэнэт санана. Жишээ нь Японд суралцагч Монгол Оюутны Холбооны (ЯМОХ) тухайд манай зарим оюутнууд “Бүх оюутнуудад хүрч ажиллахгүй байна” гэдэг ч юмуу, “МИАТ-тай хямд билетийн гэрээ байгуулах зэргээр оюутнуудын эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулахгүй байна” гэх зэргээр шүүмжлэх нь бий. Холбоо гэхээр тэнгэрээс томилогдсон хүмүүс хэн нэгний төлөө ажиллахаар ирээд байж байдаг хэрэг бишээ. Тэгж ярьж байгаа бол өөрөө голд нь орж, тэр шаардаад байгаа ажлаа зохиогоод явах хэрэгтэй. Хүн өөрөө л өөрийнхөө төлөө явна, харин ганцаараа дийлэхгүй зүйлээ бусадтайгаа нийлж байж давна. Ер нь Оюутны Холбоо гэж байр савтай айхтар эд байдаггүй, ердөө “Урам” уулзалт, “Хаврын баяр”, энэ вэбсайт гэх мэт энд тэнд юм хийж байгаа оюутнууд хоорондоо и-мэйлээр харьцаж нэг төрлийн нэтвөөк үүсгэсэн тийм л бүтэцтэй.
Шинээр ирж байгаа оюутнуудыг хараад би дажгүй залуус ирж байна даа гэж үнэлдэг. Эдийн засгийн үзүүлэлтүүдээс илүүтэйгээр, ийм золбоолог залуус надад эх орныхоо ирээдүйд итгэх итгэлийг өгдөг. Бид хамтарч юм хийдэг, холбоо харилцаатай байдаг, голд нь юм хийж байгаа хүмүүсээ бусад нь дэмждэг тийм зохион байгуулалтыг бүрдүүлж чадвал асар их боломж өмнө маань нээгдэх ба, ахуй амьдралынхаа нөхцөл байдлыг дээшлүүлэхээс авахуулаад өөрсдийгөө хөгжүүлэх, найз нөхөд болох, монгол орондоо хэрэгтэй юм хийх гээд янз бүрийн мөрөөдлөө биелүүлж чадна.
Цаг хугацаа гэдэг харьцангуй ойлголт учир хүний амьдралыг нэг өдрөөр зүйрлэж болно. Та бид нэгхэн өдөр амьдрахаар хорвоо дээр иржээ. Энэ нэгхэн өдөр, бүр тэгэхдээ энэ нэг өдрийн нар зулай дээр төөнөж жавхаа нээсэн хамгийн алтан хором – залуу насыг “орондоо унтаад өнгөрөөх” нь юутай хайран, юутай харалган хэрэг болох билээ.
Оюутнууд аа, дахин дахин хэлье, идэвхтэй амьдрагтун!

2003 он 5 сар

4 responses to “Attention All Australia Wide Mongolians!

  1. Uu za za Tulgat = aa chi shuu. emos geveeree bgaa yuu.

  2. maniustai tostei zam tuulsan baigaa biz. eniig erthen unschihsan baisan bol gej bodogdoh uye ch garna shuu.

    ene zaluug demjij baina. hiisen zuils ni ih taalagdaad baigaa yum. bas ene ih ajliinhaa zavsaraar ni hoorhon huuhedtei bolson bn lee, ih l zavgui yavaa mortoloo busdiiggaa geh zurh setgel, uram zorig ni uneheer shutmeer

  3. Unegui Visa sungah, bolovsrol ba tsagaachlaliin zuvluguu

    Ta uurtuu tohirson surguil olmoor bnu? Ta visa sungamaar bnu? Ta ulsad burtgeltee, ene salbartaa 9 jil amjilttai ajilj irsen bolovsrol, tsagaachlaliin agentlag Global Vision Consultancy-d handan uu. Bid bolovsrol, tsagaachlal ba visa sungah talaar unegui zuvluguu uguj bn. Bid Mongol heleer yarih tul ta sanaa zowoltgui holbogdono uu! 0433228190 utsaar holboo barij tsag bolznuu。.

    Global Vision Consultancy
    Hayag: 310 toot, 368 Sussex Street, CBD Sydney

Сэтгэгдэл бичих