дурлалын захиа


Сайн байна уу? Хайрт минь… гэж захиагаа эхлэхийг би ямар их хүснэ вэ, гэхдээ энэ агуу эрхийг чи минь л надад өгч чадах болохоор энэ удаа захиагаа “Сайн байна уу миний үүрдийн аз жаргал” гэж эхлэе дээ…
Зүрхэнд чинь дурлалын дусал мэдрүүлэх энэ захидлыг эрийн заяанд хорогдсон “их зангаа” гээж агуу их гоо үзэсгэлэнгийн өмнө сөхөрсөн оюун ухаандаа бус зүрх сэтгэлдээ захирагдан бичлээ.
Сэтгэлд эмтрэх гуниг, санаа алдалд бүхэнд миний ертөнцийг тайтгаруулах гэж чичирч… энэ бүхнээс зүүдний минь нууцад нэвтэрсэн тэр гоо үзэсгэлэн зөвхөн харанхуйд байгааг мэдрэх нь сэтгэж боломгүй гайхамшигтай шаналан.
Миний харцанд чиний уруул эгшиглэсэн тэр мөч, утга учир нь “мэдэхгүй” зүйлд орших энэ орчлонд гайхамшигтай гэж хэлэхэд дэндүү багадмаар мөрөөдөл байдаг гэдгийг мэдрүүлсэн юм шүү…
Намайг мөрөөдөлтэй болгосон чамдаа баярлалаа.
Зүрх минь урсаж байна, яг л зуны наранд хайлж буй цас шиг…. бас эвлэж байна, борооны хар үүл мэт.
Дурлал хэмээх нууцлаг таавар ганцхан хариутай юм байна, тэр хариу нь ЗӨВХӨН ЧИ.
Надад буй бүхэн чамаар согтож, энэ бүхэн хайраар цангаж байна, “Би чамд хайртай” энэ үгнээс мянга дахин хүчтэй үг байсан ч тэр үгийг эргэлзэлгүй хэлж чадна, надад байгаа хайр чамд өнгөрсөндөө харамсахгүй инээмсэглэлтэй амьдрал бэлэглэж чадна.
Чи зүрх сэтгэлээсээ битгий зугтаарай,
Гэхдээ чи зөвхөн өөрийн ирээдүйнхээ төлөө л сонголт хийнэ гэж амлаач… өчүүхэн төдий эргэлзэх зүйл байвал хэзээ нэгэн цагт надад “уучлаарай” гэдэг ганцхан үгийг л хэлээрэй, сэтгэл минь өөр үгийг тэвчиж чадалгүй сөхөрнө гэхээс, чамайг мөрөөдөж суух өчүүхэн төдий зай зүрхэнд минь үлдэхгүй гэхээс айж байна.
Чамайг аз жаргалтай байлгахын төлөө л би чамайг “хайрлахгүй” байж чадна.
Эзнийнхээ хэр хэмжээг мэдэлгүй сонголт хийсэн зүрх, сэтгэлээ харааж суух боломжийг надад битгий олгоорой. Харин чамд аль эрт өгсөн дурлалын алим минь яг чиний дэргэд байгаа шүү, өчүүхэн төдий гараа сунгахад чи намайг ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн болгоно гэдэгт эргэзэлгүй итгээрэй.
Чи минь миний өгсөн дурлалын алимыг авна гэдэгт, дараагийн захиагаа би “сайн байна уу хайрт минь” гэж эхлэнэ гэдэгт горьдлого тээсэн зүрх минь итгэж байгаа шүү.
Инээмсэглэсэнд чинь баярлалаа, энэ инээмсэглэлээ өөртөө үүрд үлдээгээрэй….
Чамтайгаа зүүдэндээ учрахаас хоцорчих вий гэсэндээ нойрсох гэж яарч байна.
Ур муутай захидлыг минь дуустал уншсанд баярлалаа, за ингээд захиагаа дуусгахад тавхан үг үлдлээ…
“Баяртай миний үүрдийн аз жаргал минь”

Сэтгэгдэл бичих