Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ


Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуултыг эргэн тойрныхоо хүмүүстээ тавихад их дээд сургууль төгссөн, гадаад хэлтэй, мэргэжилдээ сайн, биеэ сайхан авч явдаг, боловсон, соёлтой хүнийг хэлэх байхаа гэсэн өөр хоорондоо ижилхэн хариултууд хөвөрлөө. Гэвч боловсролыг их дээд сургуулиар, бакалавр, магистр, докторын зэргээр үнэлэх нь өнөөгийн нийгэмд өрөөсгөл ойлголт юм. Ялангуяа зах зээлийн нийгэмд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын үнэлэмж буурч, дээд боловсрол буюу мэргэжил эзэмших нь мөнгөтэй хүний хувьд хурууны үзүүрээр хийх ажил болсон.

 

Хүн бүхэн заавал дээд боловсролтой болох ёстой гэсэн батлагдаагүй хууль амьдралд, хүмүүсийн тархинд гагнагдаж хүссэн ч хүсээгүй ч , сонирхсон ч, сонирхоогүй ч хамаагүй аль нэг сургуульд ямар нэг мэргэжлээр сурах нь ихэсчээ. Харин энэхүү алдаатай сонголтын үр дүнд дээд боловсролтой ажилгүй иргэдийн тоо хүн амын ихэнхи хувийг эзэлж байгаа юм.
Эртний грекийн гүн ухаантан Сократ боловсролтой хүний тухай доорх тодорхойлолтыг өгч байжээ.

23/04/2012

http://chuhal.mn/index.php/r/8172
“… ямар нэгэн шалтгаанд баригдахын оронд, шалтгааныг захирдаг, бүхий л боломжийг зоригтойгоор ашигладаг, хийж буй ажил болон хүрээлэлдээ нэр хүндтэй, ааш муутай хүмүүсийн дунд ч, болж бүтэхгүй зүйлд ч эв аятай, зөөлөн ханддаг, хувийн таашаалаа хянаж чаддаг, азгүйтэлд ялагддаггүй, амьдралын хатууд гудайдаггүй, олсон амжилтандаа ташуурдаггүй хүмүүсийг боловсролтой хүн гэж хэлнэ” гэжээ.
Энэ бол МЭӨ 470-399 онд амьдарч байсан хүний үзэл бодол. Үнэхээр гайхалтай байгаа биз.
Боловсролын тухай хязгаарлагдмал ойлголтын хар гайгаар өнөөдрийг хүртэл бид үр хүүхдээ, хойч үеэ баллаж байна гэж хэлэхэд хатуудахгүй болов уу.
Өөрийн хүсэл сонирхолоор биш хэн нэгний сонголтоор сурч байгаа хүн оюутны ширээний ард хийсэн, хийгээгүй хоёрын хооронд сурч, дөрвөн жилийг өнгөрөөгөөд хөдөлмөрийн зах зээл дээр чанаргүй боловсон хүчин болж гардаг. Тэд өөрийн мэргэжил дээр тавигдах наад захын шаардлагыг хангадаггүй. Нэгэнт хүсэл сонирхолгүй учраас ганц, хоёр сар ажиллаад л аар саар шалтаг хэлэн ажлаасаа гарна. Аргагүйн эрхэнд зарим нь ямар ч бүтээмжгүйгээр орон тоо бөглөн ажилласаар байдаг. Би энд нэгэн байгууллагын захирлын туслах бүсгүйн тухай жишээ авмаар санагдлаа.
Түүнийг Урнаа гэдэг. Тэр өглөө бүр өөрийгөө хүчлэн ажилдаа ирдэг ажээ. Өдөржин ширээний ард суун хэвшил болсон ажлаа хийсээр орой үхэх гэсэн амьтан гэртээ ирдэг байлаа. Ажил нь түүнд яг л ял шиг санагддаг байжээ. Нэг өдөр урьдын л адил ажлаасаа хөл гараа даахгүй шахам амьтан гэртээ ирээд удаагүй байтал найз бүсгүй нь бараа бүтээгдэхүүн сурталчилах хэдхэн цагийн ажилд тусалж өгөхийг гуйж л дээ. Урнаа өдөржин ядарч, үхэх шахсан хүн гэртээ ирснээ хэлээд уучлалт гуйчихаад, амрахаар хэвтжээ. Гэвч унтаж чадсангүй. Тэгээд найз руугаа очжээ. Гоо сайхны бараа тайлбарлан сурталчилах ажлыг Урнаа оройн 19 цагаас үдшийн 22 цаг хүртэл зогсоогоороо хийсэн ч огт ядраагүй бөгөөд, үнэхээр их эрч хүчтэй, баяр хөөртэй гэртээ ирсэн байна. Түүний үр бүтээлтэй хийж чадах ажлын нэг нь олон нийттэй харилцах, сурталчилгааны ажил байсан юм. Одоо Урнаа сурталчилгааны жижиг компанитай бөгөөд өдөр бүр ажлаасаа аз жаргалыг мэдрэн илүү том зорилгын төлөө ажиллах болжээ.
Хийхийг хүсээгүй, огт сонирхолгүй ажил нь сэтгэл санааг болоод, бие мах бодийг ядрааж, ямар ч хүчгүй, сул дорой, идэвхгүй болгодог бол хийж чадах хүсэл сонирхолтой ажил хүнд эрч хүч, итгэл, бүтээмж, мөнгө гээд олон амжилтыг өгдөг.
Эцэст нь хэлэхэд өөрийн хүсэл сонирхол, хобби, сайн чаддаг зүйл дээрээ тулгуурлаж мэргэжлээ сонговол та суралцахдаа ч, ажиллахдаа ч сэтгэл хангалуун байх болно. Сонголтоо буруу хийж суралцсан цаг хугацаа ахиж нөхөгдөхгүй алтан цаг гэдгийг мартаж болохгүй билээ. Сонголтоо зөв хийж хүссэн мэргэжлээ эзэмшээрэй залуус аа.

2 responses to “Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ

  1. ямар хүнийг боловсролтой хүн гэх вэ

  2. Мөн ч сайхан хэлжээ их мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруу гэдэгийн тайлбар шиг санагдлаа , ер нь боловсролын тухай ойлголт өөрчлөгдөж байж нийгэм бүрэн солигддог байх

Сэтгэгдэл бичих