G.Ariunzul: Melbourne Mongolian advice


Г. Ариунзул нь нөхөр 2 хүүхдийн хамтаар Мельбурн хотод суралцаад даруй 8 сар болж байгаа юм. Тэрбээр Австралийн Мельбурн хотноо суралцахаар зорьж буй хүмүүст зөвлөгөө болгож нэгэн захидлыг илгээсэн байна. Тус захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

Сайн байна уу. Намайг Ариунзул гэдэг, Мельбурн хотод нөхөр болон хүүхдүүдийн хамтаар суралцангаа ажиллаж, амьдарч байна. Австрали улсад суралцахаар зорьж буй оюутнууддаа бага ч болов тус болох үүднээс өөрийн туршлага болон зарим хэрэгцээт мэдээллийг хүргэж байна.

Мельбурн хотыг манай гэр бүл анхнаасаа суралцах чиглэлээ гэж сонгосон байсан. Учир нь манай нөхөр ажлын шугамаар анх 2012 онд Мельбурн хотод 7 хоног зочилж байсан ба буцаж ирээд шууд л Мельбурнд суралцах хэрэгтэй гэж ярилцаж шийдсэн. Миний хувьд хэдийгээр хэд хэдэн Австралийн оюутнуудтай ярилцаж Сидней хот суралцах болон ажиллахад хамгийн тохиромжтой, ажил олдоход хялбар шалтгаанаар дөнгөж Австралид ирж буй бид нар шиг гэр бүлд амар болов уу гэж бодож байсан ч нөхрийнхөө шийдвэрийг дагаж Мельбурн хотод ирсэндээ одоо баяртай байна.

Мельбурн нь уламжлалт Европ хуучны загвар хэв маягийг орчин үеийн хотын хэв маягтай хослуулсан, маш цэвэрхэн хот. Одоогийн байдлаар нийт 300 орчим Монголчууд амьдарч байгаа болов уу. Энэ хотод нийт 4 сая орчим хүмүүс амьдардаг, мэдээж уугуул Австрали хүмүүсээс гадна цөөнгүй тооны гаднынхан амьдарна.

Та хэрэв Мельбурн хотод суралцахаар шийдэж, виз чинь гарсан бол хамгийн түрүүнд амьдрах байраа олох хэрэгтэй. Хэдийгээр таны таньдаг найз нөхөд, хамаатан садан дээрээ очиж амьдарч болох ч богино хугацаанд байсны дараа өөрсдийн байх байраа олох нь аль аль талдаа хэрэгтэй. Таныг байлгаж буй хүн илүү түрээсийн төлбөр байрны эзэнд төлж байгаа ба та ч гэсэн өөрийнхөө амьдрах орчныг хурдан бүрдүүлэх шаардлагатай учир нь гадаадад амьдарна гэдэг цаг минут бүхэн мөнгөөр хэмжигддэг болохоор аль болох өөрөө бүхнийг оролдоод, үзээд явах нь илүү юм.

Миний хувьд виз гарснаас хойш www.gumtree.com.au, www.sharemates.com.au сайтуудаар байр хайж, өөрийн өргөдлөө явуулж байсан болохоор амьдрах байраа очихоосоо өмнө олсон. Энд байрны түрээс их үнэтэй, ялангуяа гэр бүлээрээ байрлах бол дор хаяж 1-2 өрөө байр түрээслэх шаардлагатай болдог.

Гэхдээ Сидней хоттой харьцуулбал байр хямд санагдсан. Түрээслэхээр шийдсэн бол дараах хүчин зүйлсийг сайтар анхаарах хэрэгтэй. Үүнд:

Байрлал маш чухал. Хотын төвдөө сургуультайгаа ойр байх уу, эсвэл хотын захад байх уу гэх мэт шийдвэр нь мэдээж байрны үнэ хөлсөөс хамаарна. Хотын захдаа бол байр хамаагүй хямд боловч автобусны мөнгө, цаг зав шаардана

Тавилгатай эсэх. Тавилгатай байр нь илүү үнэтэй боловч энд урт хугацаанд ирж байгаа бол тавилгагүй хямд байр, хаус түрээслээд өөртөө тавилгаа www.gumtree.com.au-с худалдаж авч болно.

Тог, ус, газны мөнгө байрны төлбөрөөс гадна нэмж тооцогддог. Зарим байрны билл буюу байрны мөнгө өндөр гардаг бол зарим нь бага гарах гэх мэт байрлалаасаа болон шинэ хуучнаасаа хамаараад өөр өөр байдаг.

Хэрэв мэдээж ганц бие юм уу хүүхэдгүй ирж байгаа бол шууд өрөө түрээслэх нь илүү хямд бөгөөд хялбар сонголт. Бас анх ирэхдээ хүүхдүүдээ түр 2-3 сарын хугацаанд үлдээгээд байр, ажил гэх мэт шаардлагатай асуудлуудаа шийдсэний дараа авч ирвэл илүү хялбар санагдсан.

Анх ирэхдээ онгоцноос буугаад Myki гэдэг карт авах хэрэгтэй. Уг картаар галт тэрэг, автобус, усан тээвэр гэх мэт бүхий л нийтийн тээврийн хэрэгслүүдээр зорчино. Мельбурны онгоцны буудлаас хот хүртэл том хүн 18-24 доллар гарна. Мэдээж картаа ахиухан мөнгөөр цэнэглээд суух болон буух үедээ заавал уншуулж байх хэрэгтэй. Мэдээж хотын төвд ажил болон сургуультайгаа ойр амьдарч байгаа тохиолдолд нийтийн тээврээр зорчоод байх шаардлага байхгүй л болов уу.

Ажил хайх. Ажилд орохын тулд хамгийн түрүүнд TFN буюу Tax File Number зарим тохиолдолд ABN буюу Australian Business Number авсан байх шаардлагатай. Авахад амархан 30 минут онлайнаар бөглөөд л авчихна. Тэгээд ажлын 5-10 хоногийн дотор шуудангаар TFN, ABN хүрээд ирнэ. Мөнгө төлөх шаардлагагүй учраас ирээд л шууд захих хэрэгтэй.

Мэдээж ажилд орох Сидней шиг амар биш, гэхдээ хайвал хэцүү биш. Энд ажилд авахад хамгийн түрүүнд өөрийн чинь англи хэлний чадвар, мөн хэр их хичээл зүтгэлтэй байгаагаас чинь хамаарч 7 хоногоос 2 сар хүртэлх хугацаанд ажил хайдаг.

Янз бүрийн ажлууд байдаг ч Монголчууд ихэвчлэн cleaning, kitchenhand, waitress, барилгын ажил, түгээгч, тогооч, бармен, ресепшин гэх мэт ажлууд түгээмэл хийдэг.

Ажил хайхдаа ойр орчмынхоо газруудаар өөрийн resume/cv-г бэлдээд нэг бүрчлэн менежер ахлах ажилтанд нь өгч явна. Ажил хайж байхдаа аль болох цэвэрхэн хувцаслаад, өөрийгөө танилцуулах, Австрали улсад хэр удах, юу юу хийж чадах, ямар чадвартай зэргээ бэлдээд шууд менежертэй ярьж өөрийгөө танилцуулна. CV болон Resume-дээ өөрийгөө маш сайн магтах хэрэгтэй. Жишээ нь, цэвэрлэгээний ажил хайж байгаа бол CV-ндээ цэвэрлэгээний талын мэргэжлийн үг хэллэг оруулаад, зөөгчийн ажил хайж байгаа бол мөн харилцааны ур чадваруудаа бичээд гэх мэт.

Энд ажилд орсон л бол ер нь тогтмол ажиллуулах хандлагатай байдаг. Цалингийн хувьд ажлаасаа шалтгаалаад 1 цагийн 15-25 долларын хооронд хөлстэй. Мөн түгээмэл ажиглагдсан нэг зүйл бол танил талаараа их ажилд ордог юм билээ. Жишээ нь, намайг ажиллаж байхад манай компанид хүн хэрэгтэй болвол надаас хүн асуудаг. Тийм болохоор элэг нэгт Монголчуудаасаа ажил сайн асууж сураглаж байх хэрэгтэй.

Яг энд 2-3 жил аяга угаагаад цэвэрлэгээ хийсээр буцаж байгаа хүн ч байна, эсвэл том компанид төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа ч хүн байдаг. Хамгийн гол нь өөрийгөө зөв илэрхийлж, хичээл зүтгэлтэй байвал сайн хүмүүсийг албан тушаал ахиулан ажиллуулах нь Австрали хүмүүсийн бодлого юм билээ.

Та бүхэнд миний зөвлөгөө бага болтугай тус болсон байх гэж бодож байна. Мэдээж нэг хөлөө олоод ажил төрлөө хийгээд явчихвал энд амьдрахад маш боломжийн, цалин хөлс өндөртэй, орчин сайтай гээд олон давуу тал бий.

Unuudur.mn

Сэтгэгдэл бичих