A.Баярцэцэгийн хувьд, өргөн шанаа, товгор х ацар, онигор нүдтэй, хаанаас ч харсан жинхэ нэ монгол дүр төрхтэй ZUV.mn – Мэдээллийн зөв сонголт


Урьд урьдны Монголын болон Азийн, Дэлхийн Мисс-ийн тэмцээнүүдэд оролцож байсан манай охид, бүсгүйчүүдийн нийтлэг хэв шинжит дүр гэвэл нэг их хөөрхөн булбарай царай, турьхан бие, бодол санаагаа таван үгээр холбоод хэлчихэж чадахгүй, хэл амаа хазалсан, гадаад хэлээр ярих гэж өөрөө ч зовоод, үзэгч, дэмжигчдээ ч цухалдуулаад, өөрийн гэсэн тодорхой амьдралын чиг шугам, мэргэжлийн баримжаа байхгүй, тайзан дээр асуултад хариулахдаа загвар магвархан ярьж эхлээд дэлхийн дулаарлыг багасгахад хувь нэмрээ оруулна гэж сансарт ниссэнээ, би вэган хоолтон гэсхийгээд зогсдог, тийм л байлаа.

Гэтэл энэ жилийн Дэлхийн Мисс-2016 тэмцээнд оролцсон Алтангэрэлийн Баярцэцэгийн хувьд, өргөн шанаа, товгор хацар, онигор нүдтэй, хаанаас ч харсан жинхэнэ монгол дүр төрхтэй, нүүрийн баясгалантайгаас гадна моринд сурамгай, залуу хүний цог жавхлан, эрч хүчээр дүүрэн чийрэг биедээ эрэмгий дайчин шинжийг бүрдүүлсэн, аргагүй л талын баатруудын үр хойчис, эмс охид ийм байхаас ч яах вэ гэж хаанахын хэн ч бодохоор байв! Дээр нь асар авьяастай, өөрийн гэсэн сонгосон мэргэжилтэй, түүндээ тасралтгүй суралцаж, мэргэжлээрээ кинонд дүр бүтээсэн, ирээдүйд хэн болох нь тов тодорхой ийм нэгэн чадварлаг бүсгүй Монгол Улсаа, монгол туургатнаа төлөөлөн оролцож, орон орны олон сайхан бүсгүйтэй өрсөлдөж, Авьяастны төрөлд тэргүүн байр, Хүмүүсийн Сонголт төрөлд тэргүүн байр, нийт дүнгээр энэ оны дэлхийн шилдэг 11 бүсгүйн нэгээр шалгаран хотол олон монголчуудаа баярлууллаа!

Тэрбээр энэ удаагийн тэмцээнд оролцохдоо ухаалаг, сэргэлэн байж, олон нийтийн мэдээллийн сүлжээг маш сайн ашиглаж, зөв “мэнежмэнт”-тэй ажилласан. Хэчнээн сайхан өгөгдөл, байгалийн “материал” байгаад түүнийгээ зөв, оновчтой ашиглан зорилгоо зөв гаргаж, бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй бол хайран. Манай охид бүсгүйчүүл, ер нь залуус эх хэлээ бас гадаад хэлийг сурвал сурсан шиг сурах, түүгээрээ цэвэр тунгалаг ярьж, өөрийгөө зөв сайхан илэрхийлж чаддаг байх их чухал гэдгийг тэрээр үлгэрлэн харууллаа. Мөн оролцсон бүх тэмцээндээ монгол бичгээрээ уран бичиж, монгол хэл бичгийн соёлоо, монгол бүжгээ сурталчилж байлаа. Явж явж, ер нь сайхан бүсгүй гэдэг чинь бусдаасаа булбарай хөөрхөн царай, цэх гуалиг биеэрээ биш, авьяас билэг, төрөлхийн ухаанаараа л ялгардаг юм байна. Сайхан бүсгүй гэдэг зүс царай, бие бялдар, үзэсгэлэн гоо, авьяас билиг, арга ухаан, оюуны чадавх, ааш зан, авхаалж самбаа, яриа хөөрөө, намба төрх, хүмүүжил соёл, хүнтэй харьцах чадвар… гээд бүх талаараа сайхан, өв тэгш байх ёстой юм байна. Тэгж байж бусдаасаа тасарсан үнэмлэхүй гоо сайханд дөтөлж, сайхан бүсгүй хэмээх алдрын титмийг тэргүүндээ залах учиртай биз ээ.

Ийм нэг шинэ жишгийг хойш хойшид улс, тив, дэлхийн тавцанд өрсөлдөх монголжин гоо бүсгүйчүүдэд А.Баярцэцэг маань тогтоож өглөө. Дээр нь бидний цөөхөн монголчууд хэдий хэрүүл тэмцэл хийж байвч, нэгдэх юман дээрээ нэгдэж чаддагийг, нэгдэж чадвал бидэнд ямар их хүч байгааг энэ удаагийн Дэлхийн Миссийн тэмцээний үзэгчдээс авах санал асуулгын үр дүх харуулж өглөө! Монголын сайхан бүсгүйчүүлд амжилтын дээдийг хүсэж, сайн сайхныг ерөөе!

Эвлэсэн цагтаа цөөн монгол дэлхийг дагуулдаг нь батлагдсан үнэн шүү!

Л.Мөнхтөр

http://www.zuv.mn/page/newsmore/7641

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s