ХБНГУ-ын Дээд Боловсролын Хяналтын Албаны мэргэжилтэн М. Мандах


Манай www.eduworld.mn сайтын “Боловсрол” булангийн анхны зочноор ХБНГУ-ын Дээд Боловсролын Хяналтын Албаны мэргэжилтэн М. Мандах уригдаж оролцлоо. Тэрээр мөн “Монгол-Германы Гүүр” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд ХБНГУ-д суралцах хүсэлтэй оюутан, залууст мэдээлэл зөвлөгөө өгөх, тус улсад дээд боловсрол эзэмшсэн залуусыг эх орондоо эргэн ирж ажиллахад дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулж яваа, залуу хөдөлмөрч бүсгүйтэй ярилцсандаа баяртай байна. Эрхэм уншигч та амьдралынхаа алхам бүрийг төлөвлөх нь ямар чухал хийгээд Германд суралцах боломжуудын талаарх мэдээллийг энэхүү ярилцлагаас уншаарай.
– ХБНГУ-ын Дээд Боловсролын Хяналтын Алба хэдэн онд байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
– ХБНГУ-ын ЭСЯ болон Германы Эрдмийн Солилцооны Албаны (DAAD) харьяа Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) нь 2006 оны 7-р сард байгуулагдсан ба Монголоос гадна БНХАУ, Вьетнам улсуудад үйл ажиллагаа явуулж байна. Германы их, дээд сургуульд суралцахыг хүссэн иргэд энэхүү албаар орж, бичиг баримтаа шалгуулсны үндсэн дээр Германы их, дээд сургуульд өргөдөл гаргах эрх нээгддэг. Өөрөөр хэлбэл ямар эрхтэйгээр элсэн суралцах боломжтойг нь гэрчилгээнд тусгаж өгдөг ба бичиг баримтаа хянуулахгүйгээр шууд суралцах боломжгүй гэсэн үг. Зарим оюутнууд мэдээлэл дутмаг байдгаас Германд очсон хойноо буцаж ирэн ярилцлага өгөх шаардлага гардаг. Үүнээс үүдээд их зардал гаргасан байх нь бий.

– Герман улсад суралцахын тулд танай байгууллага дээр эхлээд шалгалт өгнө гэсэн үг үү?- Германы Соёлын сайд нарын байнгын бага хурлаас германд суралцах гадаадын иргэдэд зориулан гаргасан удирдамжид Монгол улсаас хүлээн зөвшөөрөгдсөн 17 их, дээд сургууль бий. Нэгдүгээрт эдгээр сургуульд хамгийн багадаа хоёр ба түүнээс дээш семестр суралцсан эсвэл төгссөн байх шаардлагатай. Хоёрдугаарт энэ сургуульд амжилттай суралцсан нь үнэн гэдгээ баталгаажуулахын тулд манай ярилцлаганд орж, тэнцсэнээр гэрчилгээ авна. Германы аль ч их, дээд сургуулийн элсэлтийн шаардлагын нэг нь Дээд Боловсролын Хяналтын Албаны гэрчилгээ юм. Урьд нь хүмүүс маш ихээр хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байсан нь энэ албыг бий болгоход хүргэсэн. Мөн монголдоо сайн сурч чадаагүй оюутнууд германд очоод сургуулиа төгсч чадахгүй, их зардал гаргадаг зэрэг эрсдэлүүдээс сэргийлж энэхүү хяналтын алба нээгдсэн юм. ХБНГУ-ын улсын бүхий л их, дээд сургууль манай гэрчилгээг шаардах ба хоорондоо уялдаа холбоотой ажилладаг гэсэн үг.

– Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Германд шууд суралцах боломжгүй байх нь ээ?- Үүнд манай хоёр улсын боловсролын системийн ялгаа харагддаг. Өөрөөр хэлбэл, манай ерөнхий боловсролын гэрчилгээг дээд боловсрол эзэмших хэмжээнд хүлээн зөвшөөрдөггүй. Хүлээн зөвшөөрөгдсөн 17 их, дээд сургуулийн оюутан, төгсөгчдийг ямар нөхцөлтэйгээр элсэн суралцуулах вэ гэдэг нь ялгаатай. Жишээ нь МУИС-ын 1-р курсыг төгссөн оюутанд зөвхөн коллежид орох эрх нээлттэй. Харин 2-р курсээ төгсөөд их, дээд сургуульд мэргэжлийн дагуу элсэх боломжтой. Германы коллеж гэдэг гадаад оюутныг бэлтгэх нэг жилийн курс гэж ойлгож болно. Коллежоо төгсөөд их, дээд сургуульд элсэх шалгалт өгснөөр цаашид их, дээд сургуульд орно. Хэрэв магистрын түвшинд элсэн суралцахаар төлөвлөж байгаа бол монголдоо магистр хамгаалвал давуу тал болдог.

– Танай байгууллагаас ямархуу төрлийн шалгалт авдаг вэ?- Ярилцлага нь аман болон бичгийн хэсгээс бүрдэх ба герман юмуу англи эсвэл уг хоёр хэлийг хослуулан өгч болно. Бичгийн шалгалт нь 20 минут үргэлжлэх ба суралцсан мэргэжлийнх нь чиглэлээр хоёр асуулт байна. Дараа нь 20 минут ярилцлаганд орох ба амжилттай суралцсан гэдгээ батлах шаардлагатай. Ярилцлаганд тэнцсэн оюутанд нийт 10 гэрчилгээ өгөх бөгөөд 10 их, дээд сургуульд зэрэг өргөдөл гаргах боломжтой юм.


– Хэрвээ энэ ярилцлаганд тэнцэхгүй бол яах вэ?- Давтан хоёр удаа ярилцлаганд орох боломжтой. Энэ боломжоо ашиглаж чадахгүй бол ХБНГУ-д тухайн чиглэлээрээ суралцах эрхгүй болно. Иймд маш сайн бэлтгэлээ хангаж орох хэрэгтэй. Оюутнуудын 40 орчим хувь нь тэнцдэггүй. Гол шалтгаан нь хэлний бэрхшээл байдаг. Хэрэв ХБНГУ-д суралцахаар зорьж байгаа бол хэлээ шамдаж үзээрэй гэж зөвлөе. Мөн Бээжин дэх Дээд Боловсролын Хяналтын Албаны вэб хуудаснаас загвар шалгалтыг харж болно. Ер нь хичээлээ сайн мэдэж байхад хэцүү зүйл байхгүй ээ.

– Хэрэв хэлний мэдлэггүй бол Германд эхлээд хэлний бэлтгэлд суралцаж болох уу? Үүний тулд бас танай байгууллага дээр шалгалт өгөх үү?- Мэдээж болно. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хэл сурах гэж буй шалтгаан нь их, дээд сургуульд суралцах зорилготой байдгаас үүдээд виз мэдүүлэхэд манай гэрчилгээг шаардах нь түгээмэл байдаг. Хяналтын албаны ярилцлага жилд хоёр удаа буюу 5 болон 12 сард болдог. Бүртгэлийн хугацаа ойролцоогоор хоёр сарын өмнө дуусдаг. Тиймд дээрх хугацаа болон ирж очих зардлаа тооцох хэрэгтэй. Ярилцлагатай холбоотой мэдээллийг http://www.ulan-bator.diplo.de/aps хуудаснаас авч болно.

– Германд суралцах нь ямар давуу талтай вэ?- ХБНГУ-д 450 гаруй улсын, 120 гаруй хувийн сургуульд хүссэн мэргэжлийн чиглэлээс сонгон суралцах боломжтой. Их, дээд сургууль болон мэргэжлийн дээд сургууль эсвэл урлагийн сургууль гэж бий. Их, дээд сургууль нь шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр мэргэшсэн байдаг бол мэргэжлийн дээд сургууль нь практик дадлага олгоход чиглэнэ. Герман чанар, герман стандарт дэлхийд алдартай. Энэ нь их, дээд сургууль болон шинжлэх ухаан, судалгаанд хөрөнгө сайн оруулдагт оршиж байна. Мөн харьцангуй хямд зардлаар өндөр чанартай, дэлхийн хэмжээний боловсрол эзэмших боломжтой. Хүсвэл англи хэл дээр сурч болно.

– Германд суралцахад хэдий хэмжээний зардал гарах бол?- ХБНГУ-ын их, дээд сургуульд харьцангуй бага зардлаар суралцана. Та сарын амжиргааны зардал болон нийгмийн үйлчилгээ авах гэх мэт бусад зардалд сардаа багадаа 800 евро төлөвлөх шаардлагатай. Жишээ нь 250-350 еврог байранд төлнө гэх мэтчилэн. Мөн хувиараа суралцахаар төлөвлөж байгаа бол 8,000 еврог хязгаарлагдмал дансанд байршуулах шаардлагатай байдаг. Энэ мэт зардлыг тооцоогүйгээс ажил хийж, хичээлээ цалгардуулах тохиолдол гардаг учир эхнээсээ сайн төлөвлөх хэрэгтэй. Залуусын гаргадаг түгээмэл алдаа нь хэн нэгнээс дам сонссон мэдээллээрээ шийдвэр гаргах гээд байдаг. Гэтэл дээд боловсрол эзэмших гэж байгаа хүний хувьд мэдээллийг жинхэнэ эх сурвалжаас авч боловсруулах нь байх л ёстой чадвар шүү дээ.

– Германд тэтгэлгээр суралцах боломжтой юу? – Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) болон олон улсын сангуудаас нэлээд олон тэтгэлэг олгодог. Манай оюутнууд эдгээр тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах бүрэн боломжтой. Ирэх онд манай “Монгол Германы Гүүр” ТББ-аас германы их, дээд сургуульд суралцах тухай мэдээлэл, зөвлөгөөг хүргэхийг зорьж байна.

– “Монгол Германы Гүүр” ТББ-ын талаар танилцуулна уу?- “Монгол-Германы Гүүр” ТББ нь германд суралцаж төгссөн залуусын санаачлагаар 1999 онд байгуулагдсан. Германд төгсөгч залуустаа нийгэмдээ дасан зохицох, ирээдүйн ажлын байраа олоход нь тусалж дэмжихээс гадна төгсөгчиддөө хандсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Мөн Германд суралцах хүсэлтэй оюутан, залууст мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна Монгол-Германы хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг. Германд сурч боловсроод эх орондоо хувь нэмрээ оруулж байгаа залууст ХБНГУ-ын Засгийн Газар, өөрөөр хэлбэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний төвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Саяхан 11 сарын 16-18-ны өдрүүдэд МГГ ТББ-ын зүгээс германд төгсөгчиддөө ажил амьдралынхаа гарааг эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцаа болон бизнесийн орчин зэрэг сэдвээр сургалтыг зохион байгуулсан ба Олон улсын шилжилт хөдөлгөөний төв тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

– Бидний урилгыг хүлээн авч, уншигчдад хэрэгтэй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа.- Монголын хүүхэд залууст боловсролын зөвлөгөө, мэдээлэл өгдөг танай байгууллагын хамт олонд мөн талархлаа илэрхийлье.Ирээдүйд чухал шийдвэр гаргах гэж буй, гадаадад суралцахаар зорьж буй залуустаа хандаж хэлэхэд: Хүн явах чиглэлээ мэдэхгүйгээр автобусанд суудаггүйтэй адил амьдралдаа хаа хүрэх алсын хараагаа тодорхойлохгүйгээр аливаа нэг шийдвэр гаргах нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үргүй зарцуулах эрсдэлтэй. Тиймд суралцаж ирээд эх орондоо юу бүтээх, юуны үнэ цэнийг нэмэгдүүлэхээ одооноос төлөвлөж, одоо гаргаж буй шийдвэр, зорилго тань таны амьдралын 40, 50 жилийг тодорхойлно гэдгийг ухамсарлаарай. Дөрөв, тавхан хоногт шийдчихдэг тийм хямдхан амьдрал хаа ч байхгүй. Тиймээс зорилгоосоо битгий ухраарай гэж захия.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s