ACDC-тэй хамт өнгөрүүлс эн 2 цаг — Medium


ACDC-тэй хамт өнгөрүүлсэн 2 цаг

/тоглолтын сэтгэгдэл/

Сидней хотын завгүй амьдрал үргэлжилж хүн бүр урьдах ажил, хичээлдээ анхаарлаа хандуулан хотын гудамжиар бүдчин алхацгаана. Зарим нэгний хувьд 11 сарын 04-ны энэ өдөр жирийн л нэг өдөр байсан боловч миний хувьд үл мартагдах дурсамжит өдөр минь болж үлдсэн юм. Тиймээ энэ өдөр Австралийн алдарт 43 жилийн түүхт ACDC хамтлагийн сүүлийн ч байж болох Rock or Bust нэртэй аялан тоглолт нь Сиднейгээс эхлэх байлаа. Хамгийн өөртөө итгэж ядаж байсан зүйл нь энэ тоглолтын билетийг гартаа барьж байсан маань юм.

1*O4sfGsLfAPh1QfCAwkM62w.jpeg

Билетээ гар дээрээ авах гэж бас нилээд хөгжилтэй юм болсон. Тоглолт болохоос 8 хоногийн өмнө ticketek.com.au сайтаар билетээ захиалж шуудангаар авахаар тохируулсан ч яг тоглолт болох өдөр гэхэд манай хаягаар ирээгүй л байлаа. Миний бие өглөө бүр шуудангаа догдлон шалгадаг ажилтай ч шалгах болгонд хоосон. Тэгээд тоглолт болдог өдрийн 15 цагт /Стадионы хаалга 17:30-аас нээгдэнэ./ ticketek-ийн Pitt street-д байрлах төв рүү нь давхиад очтол миний биеийн байцаалтыг үзээд шууд билет олгов. Би гэж бөөн хөөр баяр тэрийгээ ч нуусангүй. Надад үйлчилж байсан ахимаг насны ажилтан эмэгтэй намайг хараад шоолонгуй инээв.

Би хариуд нь: “ Миний сэтгэл үнэхээр хөдлөж байна.Яг л хүүхэд шиг баярлаж байна” гэхэд тэр эмэгтэй:
Ази хүн рок тоглолт үзэх гэж байгаадаа ингэж баярлаж байгааг олон жил билет зарахдаа анх удаа харлаа” гэв.

Ингээд билетээ халааслаж аваад золтой л диваанжинд очих галт тэрэгний тасалбар авсан аятай хөөрсөн нөхөр тоглолт болох ANZ stadium руу гараад шидчихлээ. Хотын төвийн галт тэрэгний буудал болох TOWN HALL буудал дээрээс тоглолт болох газар уруу 50 км-ийн зайтай бөгөөд галт тэргэнд суухаар очиход тоглолтын уур амьсгал аль хэдийн энд ороод эхэлж ACDC хамтлагийн футболк, малгай өмссөн маш олон догдолж баярласан хүмүүс миний явж байгаа зүг рүү явахаар цугларсан нь тодорхой байв. Би ч тэднийг харж бүр ч хөөрч билетээ гаргаж ирээд би ч бас тоглолт руу явж байна гэж чангаар хашгирмаар санагдав. Надад эднийхтэй адилхан ACDC-ийн хувцас гэхээр юм байхгүй болохоор тоглолт руу явж байгаа гэхээр таних тэмдэг ганцхан билет минь байсан болохоор тэгсэн хэрэг. Гэхдээ өөртөө байдаг ганц рок төрлийн хувцас болох Harley Davidson-ийхоо хар богино цамцаар тэрүүхэндээ гоёчихсон л байсан л даа.

1*6jRPFKnXlG_jiqJDPEuisQ.jpeg

Ийнхүү Olympic Park чиглэлийн галт тэргэнд суун ANZ stadium руу дөхөх тусам хар өнгийн ACDC-ийн лого нэр бүхий хувцсаар гангарсан маш олон хүмүүс энэ галт тэргийг дүүргэв. Бид яг л нэг армийн цэргүүд шиг эсвэл, нэг улсын иргэд шиг тийм нэг, нэг зүйлийн дор нэгдсэн ер бусын дотно уур амьсгал галт тэргээр аялаж байхад мэдрэгдэж байлаа.

1*9p9NyTQDrhjoBYTbHkmdgw.jpeg

Olympic park-ийн галт тэрэгний буудал дээр буухад манай хар армийн яаран зүглэж буй 82000 хүний суудалтай ANZ stadium дүнхийн харагдах нь цаанаа сүрдмээр. Хэдий бороотой өдөр байсан ч амьд хөгжимд дурлагсдад энэ бороо огтхон ч саад бэрхшээл мэт санагдахгүй байгаа нь тоглолтын цаг эхлэх болоогүй ч алхаа нь хурдсан яарах мянга мянган хөгжмийн фенүүдээс харагдаж байв.

Стадионы гадаа жижиг тайз засан орон нутгийн хамтлагууд жижиг хэмжээний тоглолт үзүүлэн мөн хоол болон пивоны цэгүүд арав арван мянгаар тоологдох үзэгчдийн амны цангаа, гэдсийг нь цатгахаар хүлээн тосож авав.

Ганц рок богино ханцуйт цамцаа голонгуй өмссөн надад зориулав уу гэлтэй ACDC-ийн албан ёсны хувцас хэрэглэлийн диллерүүд энд тэндгүй байрлан хамтлагийн 2015 оны ROCK or BUST аялан тоглолтонд зориулж гаргасан футболк, малгай, түлхүүрийн оосор болон ACDC-ийн гол бэлэг тэмдэг болох чөтгөрийн эвэрийг худалдаалж байлаа. Хөгжим сонирхогчдын бие биендээ нэг гайхуулдаг зүйл бол амьд хөгжмийн тоглолтуудаас үлдэх тухайн тоглолтонд зориулж гаргасан эд хэрэгслүүд байдаг. Энд ч ACDC-ийн сүүлд 2010 онд тоглосон аялан тоглолтын футболкийг бүр тэрнээс өмнөхийг нь ч өмссөн хүмүүс мэр сэр харагдаж байлаа.

1*GqVoPV9-jw_0enn5CqbTVg.jpeg

ACDC-ийн бүтээгдэхүүнийг борлуулах албан ёсны диллер

Миний бие ч нөхдөөс дуталгүй малгай, футболк аван гангарав.

1*Agg6OzXdyXJLq0QPlYVfjA.jpeg

Билетийн хувьд суудалтай болон суудалгүй /босоо/ гэсэн 2 төрлийн билет байснаас миний бие босоо билетийг илүүд үзсэн юм. Учир нь тоглолтын гол уур амьсгал тэнд л өрнөнө гэдгийг тооцоолж байв.

Хоол унд эргүүлж, хувцас хунар худалдан аван гангарсаар цаг 17:45 болж байхад J хаалгаар ANZ stadium руу хөл тавих нь тэрээ.

1*1LKMrf-1H_F8eoQpI0YAWA.jpeg

Өмнө нь Playtime-аас өөр амьд хөгжмийн томоохон арга хэмжээнд оролцож үзээгүй миний хувьд 82000 хүний суудалтай энэ цэнгэлдэх хүрээлэн үнэхээр сүрдмээр байлаа. 18 цаг гэхэд ордны талаас илүү нь дүүрсэн байв. Дотороо энэ олон мянган хүмүүсийн 00-ийн асуудлыг хэрхэн шийддэгийг сонирхтол хаалга бүртээ тус бүр 50 ширхэг манайхаар био 00 байрлуулсан байсан нь энэ олон хүний хувьд ямар ч чирэгдэл учрахгүйгээр бие засах асуудлаа шийддэг юм билээ.

1*VyacaNpQaG360dzCo9cLPA.jpeg

00-ийн асуудлыг шийдсэн байдал

Мөн Gate буюу орох хаалга бүртээ пиво алкохолоор үйлчлэх томоохон цэгүүд байрлуулсан нь манайхан шиг тоглолтын танхим руу цэвэр усны саванд янз бүрийн зүйл хийж орох шаардлагагүй бөгөөд чөлөөтэй боловсон уух зүйлээ хэрэглэх боломжийг бүрдүүлсэн байгаа харагдсан. Дундаж пиво, коктейлний үнэ 7 австрали доллар.

1*zP2z4SHW8alasPhFDpQl9Q.jpeg

Уух зүйл зарах цэг

Тоглолтын хуваариар ACDC-ийг гарч ирэхээс өмнө бие халаалтын хамтлагууд гарч ирэв. Эхний хамтлаг нь миний сайн мэдэхгүй Австралийн Мелбурн хотоос гаралтай Kingswood хамтлаг байв. Энэ хамтлагийн хөгжмийг сонсонгоо тоглолтын дугаралтыг тестлээд авав.

1*kHwY-kGtNMizVEh9JZIBZg.jpeg

Kingswood

Энэ хамтлагийн дараа нэгэн итгэмээргүй зүйл болсон нь 1989 онд байгуулагдсан Шведээс гаралтай алдарт The Hives хамтлаг “бие халаалт”-нд гарч ирсэн нь миний хувьд маш том сюрприз байлаа. Ёстой л нөгөө нэг сумаар хоёр туулай буудна гэгчээр том хамтлагийн бие халаалт том л байдаг юм билээ. Манайхан Tick tick boom дуугаар нь энэ хамтлагийг сайн мэднэ.

1*Mvi30zMVq2vXjtmBzctSeg.jpeg

The HIVES

Ийнхүү цаг 20:30 болох үесд амьд домгууд маань яг цагтаа тамын хонхоо дугараган галаа маналзуулсаар 80 мянга гаруй үзэгчдийнхээ өмнө гарч ирэв.

1*Kr_jX3aL_HgHNAD-81KEGQ.jpeg

Өмнө бичлэгийг нь л үздэг байсан гоцлол гитарчин Angus Young улаан хамбан шорт, пиджак, малгай бүхий хослолоо өмсөн гитараа тоглосоор, дуучин Brian Johnson кепкан малгай духдуулан микрофоноо барьсаар Cliff, Stevie, Chris нар дүрээрээ өмнө минь зогсож байгаад үнэхээр итгэж чадахгүй байв. Бараг л өөрийгөө чимхэж сэрүүн байгаа эсэхээ шалгах нь холгүй байв. /инээв/

1*AfPcTksqjzsaWIRDEzu3fQ.jpeg

1*a1rz9bmSwMDKfJ5DVbMx9Q.jpeg

1*YuMKsHbSt9vE_hV_345NHQ.jpeg

Бидний сайн мэдэх TNT, Back N Black , Thunderstruck, Highway to Hell зэрэг дуунуудаар тоглолт үргэлжилж дунд хэсэгт ACDC хамтлагийн тоглолтын салшгүй хэсэг болох том хийлсэн хүүхэн Whola Lotta Rosie дуун дээр гарч ирэн, төгсгөлд нь Big gun дуун дээрээ 8 том их буу гаргаж ирэн хөгжмийн хүчээр биднийг буудсаар тоглолт өндөрлөсөн юм. Яг энд болсон уур амьсгалыг миний хувьд үгээр илэрхийлж үнэхээр чадамгүй нь.

Рокийн амьд бурхдын 2 цагийн энэ цэнгэл нүд эрмихийн зуур өнгөрч 80 гаруй мянган фенүүд нь тоглолт дууссан ч ACDC гэх дөрвөн үсгийг нэгэн түрлэгээр дуудаж нэг хэсэгтээ хоосон тайз ширтэж зогсоцгоосон юм.

1*YWNxcNgsdbFXtOXalM0Irg.jpeg

Wholla Lotta Rosie дээр гарч ирдэг хийлдэг хүүхэн
1*Yk26DHuzwWH6v9WJ6O0wUQ.jpeg

1*yhYhMDf03VVltHJJWkHlmg.jpeg

60–69 настай энэ эрхмүүдийн тайзан дээрхи ер бусын эрч хүч, 40 гаран жил сая сая хөгжим сонирхогчдын зүрх сэтгэлийг эзэмдсэн Brian Johnson-ий хоолой, Angus Young-ийн гитарын дугаралт одоо ч чихэнд сонсогдож, нүдэнд минь үзэгдсээр байна.

Б.Пүрэвдагва

2015.11.06 Австрали улс, Сидней хот

8

2

https://medium.com/@pureveepd/acdc-rock-or-bust-world-tour-638bb841c705#.7b204r89d

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s