ШВЕДИЙН ХАМГИЙН ТОМ СОНИНД БИЧИГДСЭН МОНГ ОЛ БҮСГҮЙЧҮҮД


Шведийн өдөр тутмын сонин болох “Дагенс нюхетер”-ийн редакцаас дөрвөн Монгол бүсгүйн Швед улсад өнгөрүүлж буй хар бараан амьдралыг ил болгон өгүүлсэн нийтлэл шуугиан тарьсан юм. Энэхүү нийтлэлийг бид бүрэн эхээр нь орчуулан сонинд нийтлэгдсэн гэрэл зургийн хамт хүргэж байна. Бичиг баримтын зөрчилтэй, бидний нэрлэж заншсанаар “хараар” ажиллажбайгаа Монгол эмэгтэйчүүдийн аргагүй байдлыг далимдуулан бэлгийн дарамт учруулдаг ажил олгогчид түгээмэл байдаг тухай уншихад өр өвдөнө. Тэдгээр эмэгтэйчүүд үүнийгээ гэр бүлийнхэн, найз нөхөддөө хэлж чаддаггүй сүрдүүлэг, хүчирхийлэл, дарамтын золиос болсоор байна. Эх нутагтаа сайхан амьдрах хувьгүй олон зуун бүсгүйн дуу хоолойг төлөөлүүлж бодит байдал, нуугдмал үнэнийг түгээж байгааг уншигч та ойлгох буй за.

Сайхан амьдралын хойноос явж байгаа тэд хүчирхийлэлд өртсөөр…

Стокхольмийн хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн муу ажлуудыг хийдэг Монгол эмэгтэйчүүдийн тоо өссөөр. Тэд боломжийн амьдралын төлөө ядуучуудын цалин, аюул занал, хүчирхийллийг тэсч тэвчих хэрэгтэй болдог нь гашуун үнэн.

САРАА

Сараагийн ажилладаг хими цэвэрлэгээний эзэн хаалгаа түгжээд ард нь ирж зогсоход юу болох гээд байгааг тэр шууд таамаглажээ. Эзнийх нь хатуу чанга гар түүний цээжийг тэврэхэд бүсгүй шоконд орж, арай гэж мултрангуутаа хашгирч эхэлсэн байна. Сараа эзэндээ “Би гэрлэсэн хүн” гэж цөхрөнгүй хэлээд тусыг эс олж, улайрсан эр зогссонгүй. Ийм явдал болсны дараа хэн нь ч дахиж энэ талаар дурссангүй. Дараагийн өдрүүдэд Сараа ажилдаа ирдгээрээ л ирж эзэн нь тайван байлаа. Бичиг баримтын зөрчилтэй ганц бие эмэгтэйн хувьд эзнээсээ илүү цагдаад баригдахаас айна. Цагаачлалын албаны товчхон ярилцлага л түүний Швед орон дахь шинэ амьдрал Улаанбаатар дахь ядуурал хоёрыг зааглана. Тус хими цэвэрлэгээний газрын эзэн Сараад ажлын виз гаргуулж өгнө хэмээн амлажээ. Жаахан л тэвчээртэй хандаад, ажлын уртасгасан цаг болон цалиндаа гомдоллохгүй байгаад байвал юу болохыг харъя гэж эзэн нь хэлсэн. Сараа түүнд итгэсээр л, хүлээсээр л. Бүтэн жилийн турш Сараа 7 хоногийн 6 өдөрт 10 цагаар ажилласан бөгөөд сарын цалин болгож 7000 крон (820 орчим ам.доллар) бэлнээр авдаг байсан гэнэ. Энэ бол Швед улсын хувьд хамгийн бага орлогод тооцогдоно. Цагийн 29 кроны хөлстэй уг ажил нь огт орлогогүй байснаас хамаагүй дээр хэмээн өөрийгөө тайвшруулна.

Швед улсад цагаачлахаар өдөр бүр Монголчууд шинээр нэмж ирсээр байна. Хэн ч яг хичнээн Монгол хүн энд ажиллаж амьдарч байгаа тоог мэддэггүй. Хэд хэдэн тусламжийн байгууллагууд, сүмийнхэн тоо нь байнга өссөөр буй ийм амьдралтай Монгол эмэгтэйчүүд хичнээн эмзэг, тусгаарлагдмал байдалтай байгааг анзаарчээ.

Сүүлийн хэдэн жилд өвчилж, эмчлүүлсэн тоогоор Монголчууд энд тэргүүлж байна. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд. Бичиг баримтгүй иргэдэд үйлчилдэг Стокхольм дахь Улаан загалмайн эмнэлгийн сувилагч Сандра Долиетисийн хэлснээр тэдний эмнэлэгт ханддаг голлох шалтгаан нь аборт хийлгэх, төрөхийн өмнөх хяналт, эмэгтэйчүүдийн өвчин байдаг гэнэ. Шведэд ирсэн Монгол эмэгтэйчүүд гол төлөв нөхөргүй, зарим нь бага насны хүүхэдтэйгээ ирдэг. Тэдний Швед улсад амьдрах шалтгаан нь Цагаачлалын албаны тавьдаг шаардлагад яагаад ч нийцэхгүй гэдгийг тэд сайн мэддэг. Ажилгүйдэл, авлигаас зугтаах, илүү сайхан амьдрал хүсэх зэрэг нь цагаачлахад хангалттай шалтгаанууд биш юм. Гэвч мэдсээр байж л цагаачлалд бүртгүүлдэг. Татгалзсан хариу сонссон ч бичиг баримтгүйгээр цаашид амьдарсаар. “Цагаачлалд бүртгүүлэхгүй бол хүүхдүүдээ цэцэрлэгт өгч чадахгүйд хүрнэ, эх нь ажил хийхийн тулд дөрөвхөн настай хүүхдээ хүртэл бүтэн өдөржин хараа хяналтгүй орхисон тохиолдол хэд хэд гарсныг би мэднэ” хэмээн сувилагч Сандра Долиетис хэллээ.

Зарим Монголчууд голдуу тогооч, цэвэрлэгч гэх мэт ажил хийхээр хууль ёсны ажлын визээр Шведэд ирэх нь бий. Энэ тохиолдолд ажил олгогч нь тухайн хүнд шаардлагад нийцсэн цалин өгөхөөр Цагаачлалын алба болон татварын байгууллагад амлалт өгдөг, гэвч бодит байдал дээр жинхэнэ цалин нь хамаагүй бага байдаг. 2011 оны үеэс Монголчууд ажлын виз авах хүсэлт ихээр ирүүлэх болсон хэмээн “Орон сууцны ажилтнуудын холбоо”-нд цэвэрлэгээний ажилтнуудыг хариуцсан Геса Маркуссон ярилаа. “Орон сууцны ажилтнуудын холбоо” ядуу орноос шинээр ирсэн хямд ажиллах хүч хэрхэн айдастай тулдаг талаар ойлголт авчээ. Тэдгээр хүмүүс Швед улсад ямар нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа талаараа бусдад ярихыг хүсдэггүй. Ихэнх нь нутгаасаа их мөнгө зээлж түүгээрээ ажлын эрх эсвэл жуулчлалын виз худалдаж аваад л ажил олгогчийнхоо бүрэн мэдэлд ирдэг. Энэ хүмүүс өөрийн хэцүү бэрхийг нүдээ анин тэвчиж, нутагтаа хоосон буцахаас зүрхшээнэ. Геса Маркуссон цааш нь хэлэхдээ: “Монгол эмэгтэйчүүдийн хувьд байнгын нэг л түүх давтагдаад байдаг, энэ нь өөрийн ажлаа хадгалж үлдэх болон цалингаа авахын тулд ажил олгогчтой эсвэл ажил олгогчийн хамтрагчтай бэлгийн харьцаанд орохоос аргагүй байдалд ордог тухай юм”.

Сараа өнөөх хими цэвэрлэгээндээ ажилласаар л байв. Хэрэв шинээр том үйлчлүүлэгч ирэх эсвэл рестораны хувцас хэрэглэл цэвэрлэх шаардлага гарвал түүний ажлын цаг уртасна. Эзэн нь боломж гарах бүрт л түүнийг “ашиглана”. Сараа энэ бүрийг тэвчиж өнгөрүүлсээр, тоохгүй мэт царай гаргана. Учир нь тэр эзнийхээ гарыг ямар чанга хатууг мэддэг болсон. Нэг жил өнгөрлөө, эзний амалсан ажлын виз одоо болтол бүтээгүй л байлаа. Эзэн энэ удаад ажилтан биш эхнэр авахаар шийджээ. Сараа явлаа. Оронд нь өөр нэгэн Монгол бүсгүй байрыг нь эзлэв…

СУВДАА

Стокхольмын тансаг гудамжинд байрлах Ази рестораныг баян бизнесменүүд болон нутгаасаа дайжсан ази хүмүүс нэг нь үйлчлүүлэхээр нөгөө нь үйлчлэхээр нэгэн зэрэг зорино. Том хүрээтэй нүдний шилтэй, хар хувцастай хүн хоолны зааланд завгүй хөлхөж захиалга авсан зөөгч нарыг зохицуулна. Өнөө орой гэхэд л нугас болон далайн хоол гэхчилэн өндөр түвшний нэрийн хоолоор үйлчилж байгаа гэнэ.

Хаалганы ард маш том модон бүхээгт Сувдаа зогсон хэзээ ч хардаггүй зочиддоо хоол бэлтгэнэ. Зочид түүний хоолонд ам сайтай байгааг тэнд ажилладаг бусад Монголчуудаасаа сонсоно. Сувдаа долоо хоногт 88 цаг ажилладаг бөгөөд 1 цагт 28-30 орчим кроны ажлын хөлс авдаг, ажиллаж л чадаж байвал шүү дээ. Бие засах өрөөнд ороод гарахад л амарчихна шүү дээ гэж ахлах тогооч нь байнга үглэн зөрчвөл цалингаас нь суутгана. Сувдаа Шведэд үлдэнэ гэсэн найдлагатайгаар энэхүү бэрх нөхцөлд дөрвөн жил ажиллахаар зөвшөөрчээ. Дараа нь Шведэд амьдран суух удаан хүлээсэн эрхээ авч сүүдрийн ертөнцөөсөө гадуур амьдрах боломжтой болно.

-“Би бол цаг хугацааны боол, юуг ч хийлгэж болох робот л гэсэн үг” гэж хэлээд Сувдаа ядрангуй санаа алдлаа.

Сайхан сургууль, мөрөөдлийн ажил байдаг хөгжингүй орон гэж түүний төсөөлж байсан Швед биш байлаа.

-Би энд ирэхдээ үүн шиг ийм нуугдмал хэлбэрийн нийгэм байдаг гэж төсөөлөөгүй. Амьдрахын тулд үүнийг юутай ч хүлээн зөвшөөрөхөөс л өөр аргагүй юм даа. Энэ бүхэн надад үнэ цэнэтэй эсэхийг өдөр бүр би өөрөөсөө асуудаг. Гэвч над шиг хүнд үүнээс дээр сонголт байхгүй гэж боддог.

Сувдаа нэгэн зүйлд талархалтай ханддаг ба энэ нь өөрийгөө ядаж л бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй гэдэг нь юм.
Цагийн зүү шөнө дундыг заах үед нэгэн цагдаагийн машин гудамжаар алгуурхан өнгөрлөө. Сувдаа цагдаагаас айгаагүй ч гэсэн, болгоомжилсны улмаас цамцныхаа юүдэнг өмсөв. Европын бусад улсуудыг бодвол Шведэд цагдаа нар бичиг баримтгүй хүмүүсийг тэр бүр баривчилдаггүй хэмээн би бодож амжлаа.

ЕСӨН

Тайби-д амьдардаг Есөн бүсгүйд олдсон ажил нь сургууль цэвэрлэх. Түүний ажил олгогч нь хүүхдүүд тарсан ямар ангийг хэдэн цагт цэвэрлэх ёстойг мессежээр явуулах бөгөөд тэд хамтдаа ангиудыг цэвэрлэдэг. Цөөн анги үлдсэн нг өдөр нөгөө хүн хаалгаа цоожлоод, цайвар шаргал хормогчийг нүцгэн биен дээрээ өмсөж шалаа угаахыг шаарджээ. Есөн эргэлзсэн боловч тэр хүний халаасанд ажлын хөлс нь байгаа тул зөвшөөрсөн байна. Түүнд мөнгө хэрэгтэй. Ажлын хөлсөө авсны дараа дахин тэр хүнд ажиллахгүй гээд зугтжээ.

Цагаачлалын алба Монголоос хүний наймаа хийж байж болзошгүй тохиолдлууд өссөнийг тэмдэглэжээ. Өнгөрсөн жил гэхэд л Монголын иргэн хохирогч болсон хүний наймааны 10 тохиолдлыг илрүүлсэн бөгөөд энэ нь Нигери улсын иргэдийн дараагаар орж байгаа юм.

Стокхольм дахь бичиг баримтгүй иргэдэд үйлчилдэг Улаан загалмайн эмнэлгийн ажилтны ярьснаар Монголын эмэгтэйчүүд бусад цагаачдаас илүү тусгаарлагдсан, ганцаардмал байдаг байна. Ийм байдал нь хүний наймааны хохирогч болох эрсдэлийг ихэсгэнэ. Хууль бусаар ажиллах нь өөрийгөө тэжээх цорын ганц арга болно. Ингээд бусдаас амархан хараат болж ашиглагдах эрсдэлтэй.Шведэд дөрвөн жил амьдарсан хүнд автоматаар амьдрах эрх олгогддог гэсэн яриа гадуур явдаг, гэхдээ энэ нь тус хугацаанд сард дор хаяж 13000 кроны орлого олж байсан хүнд л боломжтой юм. Ихэнх монголчууд үүнээс хамаагүй бага мөнгө олдог ба амьдрах эрх нь бичиг баримтгүй хүнд хамаагүй зүйл болдог.Швед улсад хөлөө олсон монголчууд харьцангуй цөөн учраас тэд өөрсдийнхөө эрхийг хамгаалах талаар мэдээлэл дутмаг, жишээ нь Испани хэлтнүүд гэхэд л Шведэд ирэхээсээ өмнө энд өргөн хүрээний танил, холбоо сүлбээгээ үүсгэсэн байдаг. Энд хөлөө олох нь амаргүй, Монголд байгаа олон хүмүүсийн төсөөллөөр Швед бол бүх хүмүүс нь сайн хүмүүс, бас бүгд сайхан амьдардаг мөрөөдлийн орон гэж боддог. Жуулчны виз, онгоцны тийз нийлээд 6000 крон (700 доллар орчим), мөн ажлын эрх голцуу мөнгөөр олдоно. Хууль ёсны ажилгүй болсон хүнд хоёр сонголт л үлддэг. Монгол руугаа гуяа ганзагалаад буцах эсвэл хараар ажиллаж бусдад шулуулах.

ЭНХЭЭ

Энхээ хойд Стокхольмын нэгэн сүм дотор сандлын дундуур явангаа Ням гарагийн цуглаанд ирсэн итгэгчидтэй дотноор мэндэлж чин сэтгэлээсээ инээмсэглэнэ. Тус сүм түүний гэр орон мэт, цуглааны гишүүд ганц найдвар нь болжээ. Сонин дээрээс Шенгений орны жуулчны визийг хямд гаргаж өгнө гэсэн зар үзсэнээс хойш бараг 1 жил өнгөрчээ. Зарын дагуу шууд яриад 4200 доллар зээлж, визээ гаргуулж Стокхольм орох билет авав. Хил дээр маш олон асуултанд ороогдсон боловч Энхээ олон дахин бэлдсэнээрээ “Стокхольмд амарч зугаалах гэж ирсэн” хэмээн давтсаар байж. Жуулчны виз нь дуусаад олон сар болж, цагаачлалын албаныхан түүний нөхцлийг судалж байх хооронд цэвэрлэгчийн ажил хийж байгаа. Гэхдээ Энхээ энэ төрлийн ажил Монгол эмэгтэйд аюултай гэдгийг мэддэг гэнэ. Түүний ярьснаар энд ажилладаг монгол найзууд нь цалингаа авахын тулд ажил олгогчтойгоо бэлгийн харьцаанд орохоос аргагүй байдалд ордог тухай ярьсан юм..

“Секс бол монгол эмэгтэйг ажилд авахад давхар утгатай ойлгогддог болсон“ гэж Энхээ гунигтай хэлэв.

Түүний хацрыг даган нулимс урсаж байлаа. Түүний найзууд Монголоос байнга холбоо барьдаг, харин Энхээ тэдэнд өнгөц дүр үзүүлэхийг гаргууд сурсан гэлээ. Утсаар ярьсан хүн бүр л Швед рүү очихыг хүснэ, Энхээ яг бодит байдал ямар байдгийг тэдэнд хэлэхээс нэрэлхэнэ. “Өө, та нар ир ир! Энд бүгд ажилтай, авлига, албан тушаалаа ашиглах байдал огт байдаггүй, Швед сайхан орон” гэж л хэлдэг гэнэ.

Стокхольм дахь эрхээ эдэлж чаддаггүй цагаач ажилчдын нөхцөл байдал үнэндээ ямар байдаг, түүний бараан талыг илүү дэлгэрүүлж ярихад үнэхээр хүнд. Мөрөөдөл, гутамшиг, төгс төсөөлөл бүгд нэг дор…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s