МАНАЙХАН АЛТНЫ ЛИЦЕНЗЭЭ ЗАРЖ БАЙГАЛИА СҮЙ ТГЭДЭГ БОЛ ТЭНД УСНЫ ЗӨВШӨӨРЛӨӨ ЗАРЖ, УСНЫ ЭХ ҮҮСВЭРЭЭ ХАМГААЛДАГ | Монгол Улсын Байг аль Oрчин, Hогоон Xөгжлийн Яам


Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Усны Департаментынх нь урилгаар манай хэсэг мэргэжилтнүүд саяхан Баруун Австралид аялж, туршлага судлаад ирлээ. Энэ багийн бүрэлдэхүүнд Дэлхийн банкны төсөл-Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /МINIS/ төслийн нэгж-говийн сав газрын захиргаадын болон Сангийн яам, БОАЖНХЯ-ны мэргэжилтэн зэрэг 17 хүн явжээ. Тэрхүү багийн бүрэлдэхүүнд явсан Алтайн Өвөр говийн сав газрын захиргааны дарга, доктор, профессор Д.Чандманьтай уулзаж, дараах зүйлийг тодруулан ярилцлаа.

-Австрали бол манай орны байгаль цаг ууртай төстэй газрын нэг гэгддэг. Усны бодлогын хувьд өндөр хөгжсөн улс уу? Та бүхэн усны салбарын нь олон зүйлтэй танилцаж, туршлага судласан уу?

-Тийм ээ, бид баруун Австралийн Перт хотын усан хангамж, усжуулалт, усны менежмент, газрын доорх усны мониторингийн сүлжээ, ус хэмнэх, цэвэршүүлэх техник технологитой танилцаж, туршлага судлаад ирлээ. Баруун Австралийн Засгийн газрын Усны департамент буюу Усны сайдын удирдлага дор энэ салбарын бүх бодлого, ажил үйлс хэрэгждэг юм байна. Энэ байгууллага нь бүтэц, бүрэлдэхүүний хувьд их цомхон хэрнээ усныхаа бүх бодлогыг барьдаг, усны хууль тогтоомжийг боловсруулдаг, хэрэгжүүлдэг газар юм байна.

-Монгол улстай ижил төстэй зүйл байна уу?

-Энэ улс нь Баруун, Зүүн Австралиас бүрддэг. Хоёр тусдаа Засгийн газартай юм байна. Бидний очсон Баруун Австралид Монголтой төстэй зүйл нэлээд байна. Нэгдүгээрт газар нутаг нь том, бас хуурайшилт ихтэй юм. Цөл ихтэй, гэхдээ Перт хот нь Хунгийн нуурынхаа хажууд байдаг болохоор амьдрах орчин нь тааламжтай юм.

-Хуурайшилт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байх юм уу? Ер нь л байнга хуурайшилтай, бороо хур багатай байдаг газар уу?

-Ерээд оноос хуурайшилт нэмэгдсэн гэж байна. 1940-өөд онд жилдээ дунджаар 850-950 мм хур тунадас ордог байсан бол одоо 650-750 мм ордог ажээ. Энэхүү хуурайшилт нэмэгдэж байгаа үйл явцаараа Монголтой ойролцоо.

-Монголд жилд дунджаар хэдий хэрийн тундас ордог юм бол?

-Манайх илүү бага шүү дээ. Жилд дундажаар 250 гаруй мм тундас ордог.

-Газрын дээрх усаа хэр ашигладаг улс байна?

-Тэднийх газрын доорх ус элбэгтэй. Үүнээсээ нийт хэрэглээнийхээ 70 хувийг ашигладаг юм байна. Манайх бол нийт хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын гүний усыг ашиглаж байгаа.

-Хониныхоо тоогоор манайхтай ойролцоо гэдэг байх аа?

-Хонь, кенгеру ихтэй, хүн ам нь сийрэг юм. Перт хот нь хоёр сая хүн амтай гэнэ. Австралид Монголтой төсөөтэй зүйл бас нэлээд байна аа.

-Газрын гүний усны мониторинг гэдэг зүйлийг манайх саяхнаас л хийж байгаа. Тэнд бол аль эрт хийгдээд, хяналт, үнэлгээ нь ч их сайн байдаг байлгүй?

-Бид Перт хотын ойролцоох Гоненгара гэдэг жижигхэн бүс газарт очсон. Тэнд гэхэд л газрын доорх усны хяналт шинжилгээний 30 орчим цэг байна. Баруун Австралид газрын доорх усны хяналт шинжилгээний 3000 гаруй цэг байгаа, түүнийгээ бага гэж үздэг гэхэд манай газрын доорх усны хяналт шинжилгээний хариуцсан мэргэжилтэн гайхаж дуу алдсан. Тэр л бүх цэгээсээ Онлайнаар мэдээллээ авдаг. Ийм цэгээ дахиад нэмэгдүүлнэ гэж байна лээ. Ер нь бол эднийх газрын доорх усны мониторинг сүлжээгээ 1970-аад оноос хийж эхэлсэн юм билээ.

-Одоо тэд усны салбартаа ямар зорилт тавиад байгаа юм бол?

-Тэднийх одоо газрын дээрх усаа түлхүү ашиглая гэсэн зорилт тавьж байгаа юм байна. Австрали улс 1914 онд “Усжуулалт, ус ашиглалтын эрхийн тухай” хуультай болсон. Тэр л хуулиараа усны бүхий л асуудлаа зохицуулдаг, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалт зэрэг нь бүгд тэр хуулийн хүрээнд явагддаг юм байна. Тэгэхээр усны менежментын үйл ажиллагаа нь тогтвортой явагддаг, хууль сайн хэрэгждэг гэсэн үг.

-Австрали улс том том уул уурхайтай байх. Тэд бүгд л ус ашиглаж байгаа нь мэдээж. Ус ашиглах зөвшөөрөл, ус ашигласны төлбөр нь өндөр юм уу?

-Баруун Австали нүүрс, зэс, төмрийн гэхчилэн том том уурхайтай юм. Бас газар тариалан ихтэй. Тэдгээр нь усны хэрэглээ мэдээж өндөртэй. Эдгээр нь нөгөө л 1914 оны хуулиараа зохицуулагдаад явдаг. Засгийн газар нь усны үнээ зохицуулдаг, сав газрууд нь хянаж мэдээлээд явдаг. Биднээс өөр нэг сонин зүйлийг тэнд ажиглалаа. Ус ашиглах лиценз олгохдоо тухайн эзэмшигчээс нэг л удаа төлбөр авдаг юм байна. Тэр төлбөр нь нэг их өндөргүй гэнэ.

-Улсад нь тэр нь хэр ашигтай байдаг юм бол доо? Ямар зарчмаар явдаг гэсэн үг вэ?

-Ус эзэмшигч нь тухайн усныхаа 20 хувийг өөртөө ашиглаж хэрэглээд, 80 хувийг нь бусдад зарах жишээтэй. Тэр эрх нь тухайн лиценз эзэмшигчид 21 жилийн хугацаатай хадгалагддаг. Тэгээд хугацааг нь сунгаад явдаг гэнэ. Харин эзэмшигч тухайн усны нөөцийг ашиглах, хуримтлуулах барилга байгууламжаа сэргээн тордох, тоног төхөөрөмжөө засах сэлбэх бүхий л асуудлаа өөрөө шийдээд явдаг аж. Одоо дээрх хугацаагаа сунгаж 40 жил болгохоор хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа гэсэн.

-Зуу гаруй жил нэг л хуулиа мөрдөөд явж байгааг харахад төр засаг нь, хууль журам нь мундаг тогтвортой байна аа?

-Үнэхээр тийм. Усны үнийг Засгийн газар нь тогтоож өгдөг. Тухайн аж ахуйн нэгжийн ашигтай ажиллагааг хөхиүлэн дэмждэг юм байна. Манайхан алтны лицензээ зарж, байгалиа сүйтгэдэг бол Австрали усны лицензээ зарж, усны эх үүсвэрээ хамгаалдаг тогтолцоотой юм байна.

-Усны департамент нь дотроо олон хэлтэс нэгжтэй юм уу?

-Дөрвөн хэлтэстэй юм. Усны менежментийн, усны хуулийн, усны нөөцийн, усны хяналтын гэсэн дөрвөн хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байна. Бидний усан хангамжтай нь танилцсан Перт хот гэхэд нийт ус хэрэглээнийхээ 40 хувийг газрын доороос, 60 хувийг нь гадаргын усаар хангадаг болъё гэсэн зорилт тавиад байгаа юм байна. Хяналтаа бүр сайн болгох, газрын гадарга дээр далан хөв байгуулах, далайн усыг давсгүйжүүлж хэрэглэх зэрэг олон зорилттой ажиллаж байна.

-Тухайлбал та бүгдийн зочилсон Перт хот усан хангамжаа хаа хаанаас бүрдүүлж байна вэ? Манай Улаанбаатар болон бусад аймаг хот зөвхөн газрын гүнийхээ усыг л ашигладаг шүү дээ?

-Баруун Пертийн усан хангамж гурван эх үүсвэрээс бүрдэж байна. Нийт хэрэглээнийхээ 43 хувийг газрын доорх уснаас, 42 хувийг нь гадаргын дээрх болон хур борооны усаар, үлдсэнийг нь далайн усыг цэнгэгжүүлж хэрэглэж байна. Олон том том далан барьсан юм байна. Нийт 11 байна. Бид 1903 онд бүтээн босгосон Мандаринний даланг үзэж сонирхлоо.

-Тэр далан нь энэ хотын усан хангамжийг сайжруулахаар барьсан байгууламж юм уу?

-Зөвхөн энэ хотод ашиглах бус Зүүн Австралийн Калагурын цөлийг усжуулна гэж бодож барьсан далан юм байна. Анх О Конер гэдэг усны барилгын инженер алдартай хүн сэдэж санаачилж, бүтээн босгосон юм билээ. Тэр үед 600 орчим км газарт урт модон хоолой тавьж, эзгүй цөлийг усжуулж, амьдрал цэцэглүүлнэ гэхээр хэний ч санаанд орохгүй л дээ. Хүн бүхэн л О Конерийг галзуу солиотой гэж харааж зүхэж, адалж шоолж байсан юм билээ.

-Тэр мэдээж сонин намтар түүхтэй хүн байх. Мөрөөдөл нь тэгээд төд удалгүй биелж, “үлгэр” нь үнэн болсон болов уу?

– О гэдэг нь түүний гэсэн утга илэрхийлдэг юм байна. Конерийн хүү гэдэг тэр хүн 1800 оны сүүлчээр баруун Австралид ажиллаж байсан англи хүн юм билээ. Усны барилгын инженер тэр хүн баруун Австралийн өндөрлөгөөс зүүн Австралийг усжуулах эхний төслөө хийж, маш их өндөр өртөг зардал гарсан. Ингээд янз бүрийн байдлаар санхүүжилт олж, тэрхүү төслөө хэрэгжүүлсэн байгаа юм. Асар их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр, мөнгө санхүү орсон нь мэдээж. Ингээд 600 орчим км урт зам талбайд модон хоолой тавьсан байгаа юм. Тухайн үед асар дарамттай аж төрж байсан нь мэдээж. Хүн болгон л эсэргүүцдэг, түүний эсрэг юм ярьдаг буруутгадаг байсан юм байна. Ингээд О Корнер тодорхой нэг цаг болзсон байгаа юм. “Яг энэ өдрийн энэ цагт л энд ус ирнэ. Хэрвээ ус ирэхгүй бол би амьд яваад яадгийм” гэж ам гарсан юм байна. Ингээд нөгөө газраа давхиад иртэл ус нь ирээгүй байж. Тэгээд л өөрийгөө буудчихсан юм билээ.

-Харамсалтай юм болжээ, ус нь тэгээд хэзийд яаж ирсэн юм бол?

-Ердөө маргааш нь тэнд ус ирсэн гэдэг. Хоногийн дараа бүр Калагурын цөлд ус ирж, амьдрал цэцэглэсэн гэж байгаа. Одоо тэр цөл “Алтан тал” гэдэг нэртэй болж, тариа ногоо, алим жимс алаглаж, амьдрал цэцэглэсэн, ёстой “алтан тал” болсон гэсэн. О Корнерийн мөрөөдөл ердөө үхсэнийх нь маргааш л биелээд эхэлсэн гэж байгаа. Харамсалтай хувь заяатай ч Австралийн ард түмэнд алтаар үнэлэгдэх гавьяа байгуулсан ач буянтай хүн юм билээ. Ийм зүйлийг усны инженер хийж алдаршсанд надад мэргэжилээрээ, алдарт О Корнероор бахархах сэтгэгдэл төрсөн.

-Алдар гавьяаг нь мөнхжүүлсэн хөшөө дурсгал олон байх юм уу?

-Перт хотод хөшөө дурсгал нь байна. О Корнерийн нэрэмжит гудамж байна, ер нь хаа л бол хаа түүний тухай танилцуулга байх юм. Ингэж сая би аугаа их О Корнертэй баруун Австралид танилцлаа.

-Усаа зөв зохистой хэрэглэх, хайрлах хамгаалах сурталчилгаа тэнд их хийгдэх юм уу?

-Одоо баруун Австралид усны нийт хэрэглээнийхээ 16 орчим хувийг далайн усыг давсгүйжүүлж, цэнгэгжүүлээд хэрэглэж байна. Энэ бол асар их хөрөнгө зарж хийгддэг ажил. Ус бол ямар их үнэ цэнтэй болохыг, алтнаас ч үнэтэй болохыг маш сайн сурталчилдаг юм байна. Гудамж талбай, хаана л ямар сурталчилгаа байна, тэнд устай холбоотой мэдээлэл байх жишээний.

-Үйлдвэрийн буюу саарал усаа ямар маягаар ашигладаг бололтой юм бэ?

-Саарал усаа эргээд ашиглаж байна. Манайтай адил цэвэр усаа бохирын шугамаар урсгаж байгаа зүйл нэгээхэн ч алга. Ашигласан усаа бүгдийг нь эргүүлж ашиглаж байна. Бид ус цэвэршүүлж, цэнгэгжүүлдэг МАК нэртэй компани дээр очиж танилцсан. Одоогоор Перт хотод таван үйлдвэртэй, гадаадад бас хоёр ч салбартай гэж ярьж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж, Завханы Баян-Айргийн алтны уурхайд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан юм байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг “Састэйнабилити” компаниар орсон. Тэнд Монголоос очсон Нямдорж гэдэг сайн инженер ажиллаж байна.

-Австралид хэл сурахаар, сургалтад суухаар, ажил үйлс эрхлэхээр олон залуус явдаг даа. Их дээд сургуулиар нь орж амжив уу?

-Бид баруун Австралийн Менежментийн сургуулиар орсон. Хувийн сургууль юм байна. Тэнд 158 төрлийн курс хичээллэдэг, нэг өдрийн сургалтаас эхлээд хэдэн долоо хоногийн ч сургалт байдаг. Гэрээ хараа яаж хийхээс эхлээд менежментийн чиглэлээр тэнд заахгүй зүйл үгүй бололтой. Манай залуучууд тэнд очиж сурахад бүх зүйл нээлттэй байна. Хэл усаа тэнд очоод сурч болох юм байна.

-Австралид ажиллаж амьдардаг монгол залуустай уулзаж учирав уу? Манайхан тэнд ямархуу аж төрдөг юм бол?

-Таарсаан. Бүр гэр орноор нь зочилсон. Тухайн нэг компанидаа нэлээд олон жил ажиллаад албан газрынхаа хамгийн нэр хүндтэй ажилчин болсон монгол залуугийнд очсон. Эхнэр хүүхдээ тэнд аваачаад бүр тэндхийн иргэн болчихсон, байр байшин, унаа машин худалдаад авчихсан, мундаг сайхан аж төрдөг хүмүүс ч цөөнгүй байдаг бололтой.

-Тайван, налгар, амьдрахад таатай сайхан хот сууринтай газар юм уу?

-Тийм ээ. Ер нь л бүх хот нь тийм тайван сайхан юм. Бид Бльюмот хотын захирагчтай уулзаж, өглөөний цай хамт уусан. Тэр хот бол экологийн цэвэр хот юм. Залуусын, энгийн иргэдийн хот юм даа. Цэцэрлэг парк ихтэй, намхан, голцуу нэг давхар байшингаас бүрдсэн их гоё хот юм. “Японы зарим хоттой шефийн холбоотой байдаг. Танайхны хот, сууринтай ч шефийн холбоо тогтоож, залуус болоод настнуудаа солилцож болно шүү” гэж захирагч нь хэлж байна лээ.

-Уул уурхай их хөгжсөн, хөдөө аж ахуйн том үйлдвэрлэлтэй тэр улс орны усны бодлого, үйл ажиллагаатай танилцаад ямар шинэ санаа, олз омогтой ирэв дээ?

-Усыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн зөв менежмент юм гэдгийг тэнд мэдэрлээ. Баруун Австралийн эдийн засгийн 90 хувь нь уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлээс бүрддэг юм байна. Уул уурхай дотроо 54 хувийг төмрийн үйлдвэрлэлээс, 24 хувийг нүүрснээс, арван хувь нь алт болон бусад олборлолтоос олдог гэнэ. Усаа хайх, олборлох бүхий л зүйлээ тухайн компани өөрөө хийдэг, тэрнийх нь хяналтыг улс нь сайн тавьдаг юм байна.

-Эзэмших зөвшөөрлийг нь өгөөд л хяналтаа сайн тавиад байхаар улсад орох орлого нь тогтвортой яваад байдаг гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Тухайн аж ахуйн нэгжүүдэд “Нөөцөө ил тод байлга. Усаа эргүүлж ашигла, усаа эдийн засгийн эргэлтэд зөв оруул” гэсэн чиг үүрэг өгдөг юм байна. Ингэхээр л тэр “сав газрын” ус бараг л өөрийнх нь хувийнх нь өмч гэсэн үг. Хүн өөрийнхөө юмыг буруу зарах гэж байхгүй. Ийм зарчимтай юм. Усаар улс нь ашиг олоё гэж боддоггүй усаа ард түмний амьдрал сайн сайханы төлөө зарж чаддаг, усны үнэ цэнийг ард иргэд дээ ойлгуулж чадсан онцгой менежменттэй улс юм.

http://www.mne.mn/mn/news/show/2856

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s