Aussie comments on Nomads TIME.mn | Тим Көүп: Нүүд элчдийн дараагийн үе тасрах вий


Тим Көүп: Нүүдэлчдийн дараагийн үе тасрах вий

Австрали улсын иргэн, аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг БОНХАЖЯ-наас “Аялал жуулчлалын элч”-ээр өргөмжилсөн. 1999 онд Монголд ирснээс хойш эх орныг маань элэг зүрхнээсээ хайрладаг болсон хэмээх түүнтэй аялал, адал явдал, Монголын талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

Австрали улсын иргэн Тим Көүп БОНХАЖЯ-ны “Тэргүүний ажилтан цол” тэмдэг, “Монголын аялал жуулчлалын элч” өргөмжлөл хүртлээ. Танд баяр хүргэе. Өөрийгөө уншигчдад маань дэлгэрэнгүй танилцуулна уу?

Баярлалаа. 12, 13 насандаа би зохиолч болохыг хүсдэг байлаа. Харин 16 настай байхдаа Непал улсад очсон минь миний амьдралд маш их өөрчлөлтийг авчирсан. Соёл, харилцаа, уул, байгал орчин нь миний анхаарлыг маш ихээр татаж, амьдралыг огт өөр өнцгөөс харах нүдийг минь нээж өгсөн. Сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн суралцахыг биш, аялахыг сонгож, Англи улсад очсон. Тухайн үе унадаг дугуйгаар уул нуруудаар аялдаг байлаа. Энэ үеэс миний аялах сонирхол төрж эхэлсэн. Ингэхдээ зөвхөн аялах биш, ном бичиж, аяллын гайхамшгуудаа бусадтай хуваалцахыг хүсдэг болсон.

Нэлээдгүй хугацаанд аялсныхаа дараа би Австралид буцаж очоод хуулийн чиглэлээр суралцсан ч энэ миний хүссэн зүйл байгаагүйг ойлгож, зургаахан сарын дараа сургуулиасаа гарчихсан. Гарсныхаа дараа Финлянд улсад аялж, аяллын сургалтад сурсан. Энэ үедээ Орос орныг сонирхож, судалж эхэлсэн. Эндээс л аяллын амьдрал минь эхэлсэн дээ.

Аялах сонирхлоо зохиолч болох мөрөөдөлтэйгөө хамтатган биелүүлж явна. Таны талаар гадны хэвлэлүүдэд адал явдалт аялагч хэмээн тодорхойлсныг олон харлаа. Тэгэхээр зохиолоо сонирхолтой болгохын тулд адал явдалт аяллыг сонгож байна уу? Эсвэл өөрөө аяллаа адал явдалт болгон өөрчилж байна уу?

Магадгүй 20, 21 насандаа адал явдалт аяллыг сонирхон хийдэг байсан байх. Харин сүүлийн үед хийсэн томоохон морин аяллууд маань адал явдал хайна гэхээсээ илүү нүүдэлчид, тэдний соёлыг таньж мэдэхэд чиглэгдсэн. Би өөрийгөө нүүдэлчдийн оронд тавьж, нүүдэлчдийн сэтгэлзүйгээр ертөнцийг таньж мэдэхийг хүсдэг болсон.

Миний хувьд Австралийн хөдөө төрж, өссөн хүн болохоор хөдөөний амьдралыг сонирхдог. Би хэзээ ч хотын хүн байгаагүй. Миний хувьд хойд, өмнөд туйлд очих, дэлхийн хамгийн өндөр ууланд гарах зэрэг нь хэзээ ч миний зорилго байгаагүй. Харин хүмүүстэй, орон нутгийн хүмүүстэй уулзах, тэдэнтэй харилцаа үүсгэх л зорилго минь байсан.

1999-2000 онд Монголоос эхэлсэн 10 мянган км аялал хийж байжээ. Энэ нь Монголд ирсэн анхны тохиолдол байв уу?

Тийм 15 жилийн өмнө унадаг дугуйгаар би анх Монголд ирж байлаа.

Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?

Итгэхийн аргагүй сайхан байсан. Яагаад гэвэл орчин үед нүүдэлчдийн хэв маягийг хадгалаад үлдсэн улс орон байна гэдэг, тэнд би ирнэ гэдэг гайхамшигтай байсан. Монголд ирсэн хоёр дахь шөнөө би маш сайн санадаг. Айл хооронд нэг эмэгтэй морьдоо туугаад, дуулаад явж байсан. Түүнийг сонсох төсөөлөхийн аргагүй гоё байсан.

Нүүдэлчин амьдрал гэдэг орчин цагийн хөгжил, зам харгуй гээд юунаас ч хамаарахгүй, хаашаа ч, хэзээ ч хамаагүй морьдоороо явчихдаг, биеэ даасан байдал нь намайг үнэхээр бишрүүлж гайхуулсан. Миний хүүхэд цагийн мөрөөдөл яг л энэ байсан. Эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө.

15 жилийн өмнөх монголчуудын амьдрал, зан байдал, одоогийнхтой харьцуулахад ялгаа хэр ажиглагдаж байна вэ?

Улаанбаатар танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Хот баян, ядуу огт хамаагүй, хэзээ ч миний сонирхлыг татаж байгаагүй л дээ. Алс холын Увс нутгийн хөдөөгийн айлуудад тэгтлээ өөрчлөлт анзаарагдахгүй байна. Харин зам харгуй тавиад эхэлсэн газрууд хурдтай өөрчлөгдөж байгаа мэт санагдаж байна.

15 жилийн өмнө хот хөдөөгийн ялгаа бага байсан бол одоо маш ихэссэн байна. Хотынхон хүүхдүүдээ амралтаар нь хөдөө биш гадаад руу ихэвчлэн явуулдаг болжээ. Залуучууд гадаадад хэл сурах, боловсрол эзэмших зорилгоор их явж байна. Энэ нь магадгүй улс орны хөгжилд сайн байх. Гэхдээ нүүдэлчдийн дараагийн үе нь тасрах вий гэсэн болгоомжлол надад төрдөг.

Бид хөдөө орон нутагт аялахад хөтөчтэй явдаг. Гэтэл тэд ч бас хөдөөний, нүүдэлчдийн амьдралыг бидэнтэй адил бараг анх удаагаа хардаг. Жуулчдад сонирхолтой байгаа шиг тэдэнд ч бас цоо шинэ байгаа нь ажиглагддаг.

Жишээлбэл, халимагууд нүүдэлчин соёлоосоо бүр хөндийрсөн. Харин одоо тэр соёлоо эргэн сэргээх гээд гэр музей зэрэг зүйлс байгуулж эхэлсэн. Егөөдөөд хэлэхэд соёлоо мартаад устгачхаад, дахин сэргээж байснаас анхнаасаа гээхгүй байх нь илүү дээр. Халимагууд гээсэн соёлоо сэргээх гэж хичээж байхад, монголчууд гээх гээд, мартагнаад байгаа юм шиг санагддаг.

2004-2007 онд “Чингис хаан болон XIII зууны нүүдэлчин монголчуудын мөрөөр” аяллыг Хархориноос Унгар хүртэл мориор аялж, “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном бичсэн тань 2013 оны Банфф олон улсын уулчдын ном, киноны фестивалиас “Шилдэг адал явдалт аяллын ном”-оор шалгарч байж. Тухайн аяллын мэдрэмж, сэтгэлзүй тань ямар байв?

Аяллын дараа номоо дөрвөн жил 3000 гаруй үг хэрэглэж бичсэн. Өглөө бүр мориндоо мордоход шинэ ертөнц, шинэ танил, шинэ амьдрал нээгдэж байлаа. Энэ аялал ямар ч цаг хугацаа, орон зайн баримжаагүй, замын маршрут, төлөвлөгөөгүй үргэлжилсэн.

Энэ аялал маш сонирхолтойн зэрэгцээ сорилт ихтэй, магадгүй амьдралдаа дахиад хэзээ ч хийхгүй маш хүнд аялал байсан. Сэтгэл санааны хувьд хямрал ихтэй байсан. Учир нь аяллын үед аав минь авто машины ослоор нас барсан. Аяллын хамгийн хүнд мөч энэ үед байсан.

Би морио асардаг, эмээллэдэг морьтон байгаад зогсохгүй морьдоо хулгайчид алдахгүйн тулд тэмцэлддэг байлаа. Улс орны хилээр дамжин өнгөрөхөд бичиг баримт, хэлний маш олон асуудлыг даван гарсан. 20-н хэдэн нас дөнгөж гарсан үеийн аялал болохоор эр хүн болон төлөвшиж, хатуужиж байсан үе байлаа. Мөн аяллын үед гэр бүлээ маш их санасан.

Та эхнэртэй юу?

Үгүй.

Тэгвэл гэр бүлтэй болох талаар та юу гэж бодож байна вэ?

Би одоо 36 настай. Мэдээж, эхнэртэй, хүүхдүүдтэй болохыг хүсэж байна. Мөн аяллаа ч үргэлжлүүлсээр байхыг боддог. Толгой хорогдох оронтой байхыг хүсэж байгаа ч санхүүгийн дарамттай байхыг хүсэхгүй байна. Одоогоор мэдэхгүй байна.

Бэрхшээл байна, эрсдэл байна, санхүүгийн асуудлууд байна. Тэгвэл яагаад аяллыг орхичхож болохгүй байна вэ? Юу нь тийм гайхамшигтай сайхан гэж?

Сайхныг тухайн хүн өөрийн биеэр мэдрэхээс нааш мэдэхгүй л дээ. Аяллын үед хамгийн өчүүхэн зүйлийг ч таашааж сурдаг. Шуурга, хүнд хэцүү бүхний дараа нар гараад, солонго татах, айлаас хүн гарч ирээд цай уу гэж хэлэх үгээр хэлэхийн аргагүй сайхан. Морьдоо идээшлүүлэх бяцхан өвсөрхөг газар таарахад л баярлах гэхчлэн жижигхэн зүйлсийг таашааж, амьдралд ханаж сурч байна даа.

Аялаад л байна. Цаашдын зорилго тань юу вэ? 80 настай Тим өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?

Би амьдралдаа зургаан сараас дээш хугацаагаар хэзээ ч төлөвлөгөө гаргаж байсангүй. Ганцхан удаа л ном бичнэ гэж төлөвлөснөө хийсэн. Одоо бол миний зорилго гэвэл ядаж, хүмүүс номыг минь уншаасай.

Одоо та Улаанбаатараас хаашаа явах гэж байна?

Даваа гарагт би Увс руу явна.

“Алтан шар зам тань өлзийтэй байг” гэдэг Монголын сайхан ерөөл байдгийг танд ерөөе.

Голден вэй? Маш их баярлалаа.

http://time.mn/content/65475

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s