Австрали улсын нийслэл Канберра хотод сур алцахаар ирэxэд


On Mongolians in Australia fb group
https://www.facebook.com/groups/1377965755771993/

Сайн байцгаана уу.
Миний бие Австрали улсын нийслэл Канберра хотод суралцахаар ирээд төдий л удаагүй байгаа боловч та бүхэнтэй өөрийн хуримтлуулсан бяцхан туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Нэгэнт энэ улсад суралцахаар шийдсэн та бүхэнд миний энэ бяцхан зөвлөгөө багахан ч гэсэн хэрэг болно гэж найдаж байна.
Миний хувьд мастерт суралцахаар 2013 оны 9 сараас бодож эхэлсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас (хэлний оноо) Австралийн Үндэсний Их Сургуулийн мастерын ангид 2015 оны 2-дугаар семестрээс суралцаж эхэлж байна. За ингээд зөвлөгөөгөө бичиж эхэлье.
1. Австрали улсын тухай

8 муж улстай. Бүс нутгийн байршлаасаа шалтгаалаад өөр өөр цаг агаартай, нэг тивийг дангаар эзэлсэн тив улс юм. 24 сая хүн амтай, уугуул аброген хүмүүс нь маш бага хувийг эзэлдэг, Европ болон Ази тивийн цагаачдаас хүн ам нь бүрддэг. Орлогын, аз жаргалын, аюулгүй байдлын зэрэг индексээрээ дэлхийд эхний 10-т байнга багтаж явдаг, амьдралын чанар сайтай улсуудын нэг. Сидней, Мельбурнь, Брисбен, Перт (баруун хязгаарт байдаг, дэлхийн хамгийн алслагдсан хот) зэрэг том хотуудтай. Нийслэл нь Канберра. Одоогийн байдлаар Сидней хотод хамгийн их монголчууд буюу байнга байдаг болон ирэн очин байгаа хүмүүс нийлээд 5000 орчим байдаг гэсэн тоо байгаа (тодорхой баримтгүй). Бусад хотуудын хувьд 100 дотор эргэлдэж байгаа.
Хэлний бэлтгэл жилийн 10000 орчим доллараас дээш
Бакалаврын сургалт жилийн 12000 орчим доллараас дээш
Мастерын сургалт жилийн 20000 орчим доллараас дээш байдаг. Гэхдээ эдгээр нь мэргэжил, сургуулиасаа шалтгаалаад ихээхэн ялгаатай.
Ажлын хувьд цагийн хөлс нь 20 доллараас эхэлдэг. Оюутнууд 7 хоногийн 20 цаг ажиллах эрхтэй байдаг.

2. Яг юугаар суралцах, ямар мэргэжил боловсрол эзэмших, хэл сурах гэж байна уу, мэргэжлээ дээшлүүлэх гэж байна уу гэх мэтчлэн хувийн зорилгоо маш сайн тодорхойлох.

Ямар ч хамаагүй сургуульд ороод, ямар ч хамаагүй мэргэжлээр суралцаж байгаад очоод учраа олно гэвэл цаг хугацаа, мөнгө төгрөг гээд маш их зүйлээр хохирох болно. Энд ирээд шууд анги сургууль мэргэжлээ солино гэсэн ойлголт байхгүй. Виз мэдүүлэх үед сонгосон мэргэжил сургуульдаа 6 сараас дээш хугацаагаар суралцсаны дараа солих боломжтой. Энд хэлний бэлтгэл болон дээд түвшний боловсролын төлбөр маш өндөр. Дээр нь том сургуулиуд нь таныг хичээлээр дарамтална. Учир тоймгүй их чөлөөт цаг олдоод, цаг наргүй ажил хийгээд байна гэсэн ойлголт байхгүй. Та хүсэвч таны бие дийлэхгүй.

3. Боломжтой бол монголдоо хэлээ аль болох сайжруулж байгаад ирэх.

Энд ирээд хэлний бэлтгэлд суугаад шууд тасраад сайжраад явчихна гэж байхгүй. Хэлний бэлтгэлд таньтай л адилхан англи хэлийг 2 дахь хэлээ болгон сурч байгаа өрөөсөн дугуйнууд чинь байна. Тэд нартай яриал ойлголцоол гэрлийн хурдаар сайжирна гэвэл худлаа. Ганц багш чинь өдөржин таньтай дадлага хийхгүй нь ойлгомжтой. Хэл муутай хүнийг шууд ярьдаг бичдэг ажилд авахгүй. Барилга, цэвэрлэгээ, гал тогооны бэлтгэгч, дэлгүүрийн бараа өрөгч гээд хүнтэй ярьдаггүй ажилд л авна. Тэгээд хэлний бэлтгэл таний мөнгийг ууж эхэлнэ. Ер нь хятадууд хаа сайгүй учраас (ялангуяа баян хятадууд сургуулиудаар дүүрэн) хэлний бэлтггэлийн ангиар чинь ч дүүрэн байна. Анхнаасаа хэлний бүтэц нь ялгаатай учраас англиар маш муухай ярьдаг.

4. Зорилгоо тодорхойлоод, хэлээ сайжруулж эхэлсэн бол сургуулиа сонгох

Энд боловсрол олж авах олон сонголт бий. 10 жилээ төгсөөд шууд их сургуулийн бакалаврт орох, TAFE буюу манайхаар техник мэргэжлийн сургуульд орж байгаад бакалаврт шилжих (анхны гарах зардал нь арай бага байдаг), бакалаврын зэрэгтэй бол Сертификатын сургалт (1 семестер), Дипломын сургалт (2-3 семестер) болон Мастерын зэргийн сургалтад (3-4 семестер) орох гэх мэтчлэн. Мастер нь дотроо хичээл үзэх, судалгааны ажил хийх гэж 2 хуваагдана. Монголчууд ихэвчлэн хичээл үзэх хувилбарыг сонгодог. Их сургуулиудын хувьд олон улсад нэр хүндтэй том сургууль 8 (зэрэглэлээрээ дэлхийн топ 200 сургуульд багтдаг), бусад 30 гаруй сургууль бий. Хэл ус сайтай буюу сайн мэддэг хүнтэй найз нөхөд бол аль болох өөрсдөө сургуулиа сайн судалж сонгох хэрэгтэй. Сайтууд дээрээ бэлэн байгаа. Интернетээр сайн хайлт хийж үзэх хэрэгтэй. Өөрөө баялаг мэдээлэлтэй болсны дараа нэн шаардлагатай бол агент буюу зуучлагчтай холбогдох хэрэгтэй. Манайхны залхуу буюу хайнга зан нь юу юугүй зуучлагч дээр очоод үнэн худал үгэнд нь юу ч бодолгүй итгэчээд дараа нь буруугаа тохоод эхэлдэг. Зарим сургуулиуд нь зайлшгүй агентаар дамжуулдаг бол зарим нь онлайн элсэлтийн системтэй.

5. Сургуулийн материалаа илгээх

Эндхийн сургуулиуд Америк, Европын сургуулиуд шиг эссе болон мэргэжлийн шалгалтын (SAT, GMAT, GRE) оноо бараг шаарддаггүй. Ганц 2 сургууль мэргэжлээсээ шалтгаалаад шаардах тохиолдол байдаг. Хэлний оноо болон мөнгө байвал шууд орчлоо л гэсэн үг. Гэхдээ Австралийн сургуулиудад нэг дутагдалтай тал байдаг нь материал шалгах хугацаа маш удаан. Мастерын түвшний материалыг 3-6 сар хүртэл шалгах нь бий. Иймээс цаг хугацаагаа зөв төлөвлөх хэрэгтэй. Үүн дээр визний хугацаа багадаа 1 сар, заримдаа 3 сар хүртэл шалгадаг. Иймээс багадаа хагас жилийг бичиг баримтны хугацаанд төлөвлөх хэрэгтэй. Шууд л өгөөд, аваад явчихна гэж байхгүй.Бичиг баримт бүрэн, хэлний оноо хүрвэл урилга ирнэ. Сургуулийн материалд санхүүгийн баталгаа шаарддаггүй. Гэхдээ урилгаа авахдаа эхний семестрийн юм уу, тодорхой хугацааны хэлний бэлтгэлийн мөнгийг урьдчилж төлдөг. Дараа нь COE буюу урилга ирнэ.
6. Урилгаа авсан бол виза мэдүүлэх

Энэ Монголчуудын хамгийн их асуудал үүсгэдэг, материал буцаадаг, виз татгалздаг хэсэг. Аль болох үнэн мөнөөр бичиг баримтаа бүрдүүлээрэй. Учир нь сүүлийн үед монголчууд Австрали улсыг ихээр зорьж, сайн, муу янз бүрийн хүмүүс дотор нь байгаагаас улсынхаа нэр хүндийг унагаах, энэ улсын хууль журмыг уландаа гишгэх гээд болчимгүй үйлдлүүдийг гаргах болсон. Иймээс манай улсын иргэдэд виз олгохдоо ихээхэн нарийн хандаж байгаа. Визний материалын хувьд тухайн мэдүүлж байгаа хүмүүс өөр өөрийн онцлогтой тул яг ийм материал бүрдүүл гэж тодорхойлоход хэцүү ч хамгийн гол шалгуур нь санхүүгийн байдал. Мөнгөтэй хүнд нээлттэй, мөнгөгүй хүнд хаалттай улс. Материалыг тань Бээжинд шалгадаг тул танийг ямархуу царайтай, итгэлтэй итгэлгүй байдлыг тань хэн ч шалгахгүй. Визний хураамжийг монгол төгрөгөөр, бэлнээр, виз хүлээн авах төв дээр төлдөг. 1,100,000 орчим төгрөг болж байсан. (2015 оны 5 дугаар сарын байдлаар). Валютын ханшнаас шалтгаалаад хааяа бага зэрэг өөрчлөгддөг. Визний маягт бөглөхдөө маягт нь хамгийн сүүлийнх мөн эсэхийг сайн нягтлаарай. Гараар болон компьютераар шивэх аль алинаар бөглөж болно
Виз мэдүүлэхтэй холбоотой линкийг орууллаа.

http://www.vfsglobal.com/australia/mongolia/

7. Эрүүл мэндийн шинжилгээ ба виз хүлээн авах

Материалыг цаасаар өгнө. Хариу имейлээр ирдэг. Дутуу материал байвал мөн имейлээр нэмж шаарддаг. Иймээс имейлээ тогтмол шалгах хэрэгтэй. Эрүүл мэндийн шинжилгээнд орох имейл ирвэл виз бараг гарлаа гэсэн үг. Имейл дотор HAF number гэж ирэх ба ганц үүнийгээ хэвлээд эмнэлэг дээр иргэнийн үнэмлэхтэйгээ очиход болно. SOS Medica Mongolia эмнэлэгт утсаар залгаж цаг авсны дараа шинжилгээгээ өгнө. Сансар дахь салбараас цаг авна.

http://www.sosmedica.mn/mng/contact/?menuId=132

• Шээсний шинжилгээ (өлөн шээс байж болохгүй). Өглөө босоод цайгаа уугаад юм хум идээд 3-4 удаа шээж байж очно. Эмнэлэгт шээж, шинжилгээгээ өгдөг. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирээгүй байх ёстой. (ирэхээс өмнөх ба дараах 2-3 хоногт ч бас шинжилгээ өгөх хэрэггүй)
• X Ray буюу уушигны зураг. Халуун болдог газар тул сүрьеэ өвчнөөс ихээхэн сэргийлдэг газар. Ойрын хугацаанд ханиад хатгаа тусаагүй, уушгинд өөрчлөлт ороогүй байх ёстой.
• Нүдний хараа шалгах. Энд зүгээр л харааг шалгаад явуулчихсан.
Шинжилгээ дууссаны дараа хариу нь 30 минут орчим болоод гардаг ба хариуг шууд элчин рүү илгээдэг. Эрүүл мэнд асуудалгүй бол ажлын 5 хоногт багтаад виз гарсан тухай хариу имейлээр ирдэг. Тэгээд виз мэдүүлсэн төв дээрээ очоод материалаа авна.

https://www.facebook.com/groups/1377965755771993/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s