Гадаадын шилдэг 100 их сургуульд тэтгэлгээр суралцуулах бүртгэл эхэлжээ


Гадаадын шилдэг 100 их сургуульд тэтгэлгээр суралцуулах бүртгэл эхэлжээ

2015-04-07 17:39:22 – Боловсрол

bolovsrol

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр, хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын иргэнийг гадаадад тэтгэлэгтэй суралцуулах ажлыг БСШУЯ-наас зохион байгуулж байна.

Засгийн газар хоорондын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд бүртгүүлэх боломжтой.

Магистр, докторын сонгон шалгаруулалтад бакалавр/магистрын зэрэгтэй, голч дүн нь 3.0 ба түүнээс дээш иргэн хамрагдах боломжтой, тухайн зарын дагуу бүртгэл явагдах газарт дурдсан хугацаанд, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлэх боломжтой аж.

Румын, Латви, Беларус, Хорват, Армен, Иран, Камбож, БНАСАУ, Франц зэрэг улсуудад Монгол Улсаас оюутан сургах, оюутан солилцох хүсэлтийг тус яамнаас тавиад байгаа бөгөөд энэ чиглэлээр гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж буй юм байна.

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистр, докторт суралцуулах арга хэмжээг 1997 оноос хэрэгжүүлж, нийт 1600 гаруй хүн энэхүү зээлд хамрагджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг дагуу Дэлхийн шилдэг 100 их сургууль-ийн бакалаврын сургалтад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр оюутан суралцуулах хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд зөвхөн сургалтын төлбөрийг зээл хэлбэрээр олгодог. Амьжиргааны зардал болон байрны төлбөр зэрэг бусад төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” (THE) болон “Academic Ranking of World Universities” (ARWU) жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцдог.

Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд, БСШУЯ-наас дэлхийн шилдэг их сургуульд манай улсад шаардлагатай байгаа нарийн мэргэжлээр оюутан сургах талаар АНУ, ХБНГУ-ын сургалтын тэтгэлэг олгодог байгууллага болох Фулбрайтын сан, Германы эрдмийн солилцооны албатай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй юм байна. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын тэтгэлэг болох Чевнингийн хөтөлбөртэй хамтран 2014 оноос тэтгэлэгт хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр тэтгэлэгт нийт 110 оюутан (АНУ-д 36, ХБНГУ-д 67, ИБУИНВУ-д 7) хамрагдаад байна.

Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг тус улсуудаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамд зохион байгуулдаг. Тэтгэлгийн зарыг Элчин сайдын яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг.

БНХАУ 128 оюутныг тэтгэлгээр суралцуулна

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2015-2016 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтад нийт 128 оюутныг (78 бакалавр, 50 магистр, доктор) БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд: Байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, боловсрол, урлагийн чиглэлээр нийт 110, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль болон хятад хэл судлалын чиглэлээр нийт 18 тэтгэлэг олгогдох аж.

ОХУ-аас 350 хуваарь олгожээ

ОХУ-ын Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 891 тоот тогтоолын дагуу Орос Улсын их дээд сургуулиудад ОХУ-ын Засгийн газрын холбооны төсвийн хөрөнгө (цаашид квот гэх)-өөр Монгол Улсын иргэн, Монгол Улсад суугаа харьяалалгүй иргэд болон Монгол Улсад байнга оршин суугаа оросын эх орон нэгтнүүдийг 2015-2016 оны хичээлийн жилд боловсролын дараах программ, түвшний дагуу элсүүлэхээр 350 хуваарь олгосон байна. Үүнд: бакалавр (4 жил) – 139; нарийн мэргэжлийн сургалт (специалитет)-(5 жил) – 57; магистрантур (2 жил) – 87; ординатур (2 жил) – 2; аспирантур (3 жил) – 25; мэргэжил дээшлүүлэх курс – 40.

Квотын сонгон шалгаруулах шалгалтыг ОХУ-ын дараах газруудтай хамтран зохион байгуулна:

ОХУ-ын Тээврийн яамны шугамаар – 5

ОХУ-ын Төмөр замын тээврийн агентлагийн шугамаар (РЖД) – 18

ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны шугамаар – 14

ОХУ-ын Соёлын яамны шугамаар –16

ОХУ-ын Хөдөө аж ахуй яамны шугамаар – 6

ОХУ-ын Спортын яамны шугамаар – 2

ОХУ-ын Онцгой байдлын яамны шугамаар – 11магистрант

ОХУ-ын Хар тамхи мансууруулах бодисын эргэлтийг хянан шалгах Холбооны албаны шугамаар – 10 бакалавр

Бүх дэлхийн цаг уурын байгууллагын шугамаар – 5 бакалавр

Санхүүгийн мониторингийн Холбооны албаны шугамаар – 10

Холбооны Гаалийн албаны шугамаар – 11

Цөмийн эрчим хүчний «РОСАТОМ» улсын корпорацийн шугамаар – 15

“ИНКОРВУЗ-XXI” арилжааны бус байгууллагын шугамаар – 7

“Орос Улсад суралцах цаг!” математикийн олимпиадын үр дүнгээр – 80

“Хэл бичгийн гадаадын шилдэг багш” олон улсын II тэмцээний үр дүнгээр – 2 бакалавр; Бусад 138 хуваарийн хувьд тодорхой яам газар, албадыг заагаагүй бөгөөд бакалавр, специалитет, магистрантур, аспирантур, мэргэжил дээшлүүлэх зэрэг бүх түвшнээр элсэлт авна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан суралцах хүсэлтэй иргэд БШУЯ-нд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.

http://www.medee.mn/main.php?eid=61246

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s