Австраличууд бидний өмнө гишгэчихлээ


БНХАУ-ын дарга Си Зинь Пиний Австралид хийсэн айлчлалын үеэр тус улсын нүүрсний компаниуд од шүүрчихлээ. Юу вэ гэвэл тус улсын нүүрс үйлдвэрлэгчид Хятадын тэр их том зах зээлийг татвар төлөхгүйгээр ашиглах боломжтой боллоо. Үүнийг тодруулъя.

Өнгөрсөн аравдугаар сарын эхээр БНХАУ импортын нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэснээ зарласан. Ингэхдээ коксжих нүүрснээс бусад төрлийн нүүрсний татвар зургаан хувь, коксжих нүүрс, антрацитад гурван хувь гэсэн ялгавартай татвар тогтоосон байна. Энэ шийдвэр аравдугаар сарын 15-аас хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ тэдний энэ импортын татвар нь шинэ юм бас биш. Урьд нь байсан, үйлчлэх хугацааг нь түр зогсоогоод байснаа эргэн сэргээсэн хэрэг.

Хэдийгээр Хятад улс нь дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч гэлээ ч дотоодын нүүрс үйлдвэрлэгчдийнх нь 70 хувь нь ашиггүй ажллаж байгаа, нүүрсний дотоод үнэ сүүлийн долоон жилийн турш хамгийн доод түвшиндээ байгаа нь ийн импортын татварыг сэргээн тогтоох шалтгаан болсон хэмээн тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, Хятад дотоод зах зээлээ хамгаалах зорилгоор ийм татвар тогтоожээ. Түүнчлэн тус улсын хувьд агаарын бохирдол гэж айхтар асуудал бий. Тиймээс ирэх жилээс эхлэн үнслэг ихтэй нүүрсний импортод хориг тавихаар төлөвлөж байгаа.

Урд хөршийн энэ шийдвэр Монголын нүүрсний салбарын хувьд хүндхэн сорилт болж байгаа юм. Нүүрсний экспорт нь манай улсын төсөв бүрдүүлэлтэд чухал нөлөөтэй хэдий ч одоогоор ганцхан зах зээлтэй. Тэр нь БНХАУ. Манай улс энэ онд 31,4 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэхдээ одоогоор дөнгөж тал хувийн л гүйцэтгэлтэй байгаа. Урд хөрш рүү гаргадаг нүүрсний ихэнхи хувь нь коксжих нүүрс байдаг. Хэдий тийм ч бид нүүрсээ авто тээврээр нийлүүлж байгаа нь ашиг гэхээсээ илүү алдагдал хүлээх эрсдлийг ямагт дагуулсаар ирсэн. Муухай дээр улцан гэгчээр ийм байдал дээр импортлогчийн зах зээл татвартай болсон нь бүр хүндээр тусч байгаа юм. Үндсэндээ дотоодын нүүрсний компаниудын алдагдал ихэсч бараг сөхрөнө гэсэн үг.

Нүүрсний экспорт нь манай улсын төсөв бүрдүүлэлтэд чухал нөлөөтэй хэдий ч одоогоор ганцхан зах зээлтэй. Тэр нь БНХАУ.

Бид бүхний итгэж хардаг нүүрсний салбарт гарсан энэ таагүй хандлагыг зөөлрүүлэхийн тулд УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн сарын сүүлчээр БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын нүүрсний зах зээл сайжиртал импортын татвараас чөлөөлөх хүсэлтийг тус улсын удирдлагад тавьсан. Энэ асуудал шийдэгдээгүй, гэхдээ нааштайгаар хүлээж авсан. Гэтэл энэ боломжийг Австраличууд биднээс түрүүлээд шүүрчихлээ. Австралийн нүүрс ингэж татвараас чөлөөлөгдсөнөөр Монголын нүүрсний өрсөлдөх чадварт маш том цохилт өгнө гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Угаасаа ч өрсөлдөх чадвар нь өдөр хоногоор буурч байсан нүүрсний салбар маань дахин хүнд цохилтод өртчихөж байгаа нь энэ.

Хятадын нүүрсний хамгийн том нийлүүлэгчид болох Австрали, Канад, Индонези, ОХУ зэрэг орнуудтай жишихэд Монголын тус улсад экспортолж буй нүүрсний хэмжээ шалихгүй хувийг эзэлнэ. Энэ том нийлүүлэлтийн ялихгүй хэсэг болох Монголын нүүрсийг импортын татвараас чөлөөлөх чөлөөлөхгүй нь үнэндээ Хятадын дотоодын зах зээлд нөлөөлөөд байх нь юу л бол. Хятад, Австрали хоёр улс чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар ийн нүүрснээс гадна шар тивийн сүүний фермерүүд, дарс үйлдвэрлэгчид гэхчлэн олон салбарынхан Хятадын хэмжээ хязгааргүй зах зээлд татвар төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхтэй болж байна. Үүнээс гадна дэлхийн нүүрсний томоохон экспортлогч болох Индонези нь мөн Хятадтай чөлөөт худалдааны гэрээтэй учир тэдний нүүрс бас татваргүйгээр эх газрын зах зээлд “эзэн” суудалтай.

Австралийн нүүрс ингэж татвараас чөлөөлөгдсөнөөр Монголын нүүрсний өрсөлдөх чадварт маш том цохилт өгнө

Энэ бүхнээс анзаарвал Монголын маань нүүрсний гадаад зах зээл манан будан дунд л тодорч бүдгэрч харагдах шиг. Манай нүүрсийг татвараас чөлөөлөх хүсэлтэд тэд уг нь энэ асуудлыг шийдвэрлэх нь нээлттэй гэж хэлсэн. Нэгэнт ингэж ам ангайсан болохоор бид одоо уг барьцаа лавшруулах хэрэгтэй байгаа юм. Гэтэл мартсан цаана нэг сануулаад байвал хэн ч бидний төлөө эхэлж дуугараад байхгүй нь тодорхой.

Тавантолгойн нүүрс тээвэрлэх Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, гурав дахь зах зээл, далайд гарах гээд ярихаас хэтэрдэггүй мөрөөдлүүд маань хэзээ амилах юм бол.

П.Булган

http://news.zindaa.mn/1llq

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s