Daily Archives: 2014-03-12

www.news.mn | Мэдээллийн эх сурвалж | Тансаг хэр эглээтэй ядуу Монгол


http://mobile.news.mn/mcontent/172825.shtml?s=biznes

-Монголд хувийн хэрэглээ асар өндөр, нийтийн хөрөнгө оруулалт маш бага болсон. Энэ нь далд эдийн засаг Монголд асар хүчтэй цэцэглэж байгаагийн илрэл хэмээн германы эдийн засагч Ханс Вернер Зинн тайлбарласан байна лээ-

Хэдхэн хоногийн өмнө ханшийн савалгаанаас болж “боож үхэх” нь холгүй бухимдлаа илэрхийлж суусан монголчууд “Мартын 8”-наар зад тансаглав. Фэйсбүүкээр дүүрэн бэлгэнд авсан брэндийн барааны сурталчилгаа. Энэ жилийн эрчүүдийн сонголт цагаан алт, даймонд байжээ. Мэдээж, брэндийн цүнх, гутал, сүрчиг, хамгийн сүүлд гарсан гар утас гээд бүсгүйчүүдээ баярлуулахын тулд монгол эрчүүд гар татсангүй. Тиймээс ч “Central Tower”-т байрлах брэндийн дэлгүүрүүд үйлчлүүлэгч олонтой, хөл хөдөлгөөн ч ихтэй байв.

Нэг талаар энэ нь монголчуудын хэрэглээний талаарх ойлголт өөрчлөгдөж байгаагийн илрэл ч нөгөөтэйгүүр бидний хэт үрэлгэн хэрэглээ эдийн засгийн хямралын гал дээр тос нэмж байна.

Сарын 500 мянган төгрөгийн цалинтай монголчууд сая төгрөгийн гар утсаар ярьж,15 саяын япон машин унаж, 150 саяын байранд амьдрахыг чухалчлах болсон. “Hugo Boss” түрхэж, “iPhone” халаасалж, “Apple”-аар үйлчлүүлэхгүй бол амьдрал нь утгаа алдах нөхөд ч бий. Арилжааны банкинд давхар, давхар өртэй, халаасандаа сохор зоос ч үгүй хэрнээ брэнд ярьсан нөхдүүд Монголд “шинэ үзэгдэл” болж байна.

AР агентлагийн сэтгүүлч Майкл Кон гурван жилийн өмнө “Монголчууд тансаглах дуртай” гэсэн гарчигтай нийтлэл бичиж байв. Нийтлэлдээ монголчууд 180-350 ам.долларын цалинтай хэрнээ “Central Tower”-т байрлах брэндийн дэлгүүрүүдээс гутлыг 1100 ам.доллар, нүдний шилийг 800 ам.доллараар худалдаж авдаг талаар бичсэн нь бий. Тэгвэл сарын өмнө Монголд ирсэн Германы эдийн засагч Ханс Вернер Зинн монголчуудын тансаг хэрэглээ хэрээс хэтэрч буйг, орлогынхоо ихэнхийг нь монголчууд машин, гар утас, брэндийн бараанд зарцуулж байгаа талаар шүүмжилжээ. Үнэн шүү дээ, манайхан сая төгрөгийн гар утас авахын тулд жилийн 24 хувийн хүүтэй цалингийн зээл авдаг.

Аливаа асуудалд тооцоотой нягт нямбай ханддаг германчуудыг монголчуудын үрэлгэн зан гайхшируулсан нь аргагүй. Ямар сайндаа хөдөө амьдардаг хамаатны ах маань дунд сургуульд сурдаг ганц хүүдээ “iPhone 4” авч өгсөн боловч нөгөөх нь голоод шидчихсэн талаар хуучилж суух билээ. Гар утсаараа ганц мессеж бичиж уншиж чадахгүй нөхдүүд ухаалаг утас хармаалчихсан явж л байдаг. Халаасандаа тамхины мөнгөгүй хэрнэээ том жип хөлөглөчихсөн нөхдүүд зөндөө. Ийм үрэлгэн эдийн засагтай, эдийн засгийнхаа 88 хувийг импортын бараагаар хангадаг Монголын эдийн засаг яаж тогтвортой хөгжих билээ. Компани нь 140 сая ам.долларын өртэй хэрнээ дарга нь 570 унаад давхиж байдаг, төрийн өмчит компаниудын алдагдал нь тэрбум, тэрбумаар яригдаж байхад 50 сая ам.долларын шатахууны мангасаар хөл дүүжлээд давхиж байдаг дарга нар Монголд олон. Газрын тосны газрын авто граажид гэхэд л гадаадад өндөр өртгөөр үйлдвэрлэгддэг төмөр хүлгүүд сойлттой байдаг талаар хүмүүс ярилцах нь оргүй ч зүйл биш байх. Тэрбум, тэрбумын өрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлчихээд тив алгасан зугаалж явдаг бизнесмен ч бий. Идэж, уух, өмсөх зүүхээ гадаадаас захиалгаар авчруулдаг гангачуул Монголд цөөнгүй.

Өнгөрсөн онд гэхэд л Францын “Carrefour” компанийн айпермаркет Улаанбаатарт нээгдсэн. Тэгвэл KFC сүлжээний дөрвөн төв Монголд аль хэдийн үүдээ нээжээ. Цаашлаад дэлхийд алдартай фирмүүд болох Louis Vuitton, Zegna, Hugo Boss, Mont Blanc, Burberry, Apple салон ядуу Монголд салбараа байгуулаад багагүй орлоготой ажиллаж байна гэхээр монголчууд баян хүмүүс үү, эсвэл баян хүний дорд тоглосон ядуу гуйлгачид уу гэдгийг ялгахад бэрхтэй. Хөдөөнийхөн хүртэл хонь малаа мориор биш мотоциклээр хариулдаг болчихоод байгаа шүү дээ.

Монголд хувийн хэрэглээ асар өндөр, нийтийн хөрөнгө оруулалт маш бага болсон. Энэ нь далд эдийн засаг Монголд асар хүчтэй цэцэглэж байгаагийн илрэл хэмээн германы эдийн засагч Ханс Вернер Зинн тайлбарласан байна лээ. Үнэт чулуун хөөргөнд тэрбумыг зарлагадаж, зэрлэг адгуусанд мөнгө хайрлахгүй зардаг Монголын улстөрчдийн тэнэг тансаглал нийгмийг бүхэлд нь хордуулж байна. Атобусныхаа мөнгийг төрөөр даалгуулдаг оюутнуудад хүртэл тансаглал халдварлаж, ухаалаг утсыг янз бүрээр нь барьчихаад явж байна. Тэтгэвэр нэм гэж жагсдаг эмээ нар гарынхаа арван хурууг алтаар гоёж гэмээнэ санаа амрах бололтой. Дунд сургуулийн сурагчид сурлагаараа биш аав ээжийнхээ унасан унаа, зүүсэн гоёл, барьсан утсаараа өрсөлдөж байна. Монголчууд ирээдүй хойч үеийнхнээ эдийн шуналтай болгон хүмүүжүүлчихээд эцэст нь “Одоогийн хүүхдүүд үү” гэж бүх буруугаа тэдэн руу чихэх нь шударга бус. Тийм учраас хэтэрсэн тансаглал эргээд эдийн засагтаа асар их хохирол дагуулдгийг АНУ-ын санхүүгийн хямралаас харж болно.

Хөрш нь Ланд унавал Лексус 570 авчихдаг, найзынхаа үнэгэн хүрмийг харангуутаа маргааш нь булган хүрэм авчихдаг, тэр ийм машин авсан бол би авна гэж зүтгэдэг бидний балиар атаархуу зан Монголын эдийн засагт том асуудал болчихоод байгааг сануулах нь илүүц байх. Гэхдээ ядуу, ядуу гэж гоншигнох хэрнээ тансаг хэрэглээнд хамаг байдгаа зориулсан монголчуудад хэрэглээний соёл, хэмнэлт гэдгийг ойлгуулахгүй бол нийт эдийн засаг дахь тансаг хэрэглээний хамаарлаас үүсэх асуудал нь илүү хор дагуулж мэдэх юм.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №052
c453e7c0794ee767big.jpg

Solongost tsagiin 5won udriin 41won doloo honogiin 1 say wonii orlogo dood hemjee


Solongost tsagiin 5won udriin 41won doloo honogiin 1 say wonii orlogo dood hemjee