Монголчууд бидний сул тал & Давуу тал гэвэл


Монголчууд бидний сул тал:

1.Төрийн удирдах хүчний улс төрийн эр зориг, алсын биш ойрын хараа

2.Эдийн засагчдын хуурамч, хийсвэр итгэл нь зах зээлийн тогтолцоо өөрөө зохицуулна гэдэг баримтлал

3.Чинээлэг хүмүүсийн давхрага буй болговоос тэр нь нийгмийг тэтгэнэ гэдэг гэнэн итгэл

4.Ард түмэн нь удирдлагын ам харж, тэдэнд итгэж, гэнэн томоотойгоор тэсвэрлэн суух идвэхгүй хандлага

5.Өмчгүй, өмч эзэгнэх дадлагагуй, өмчөө аривжуулах овсгоот сэтгэлгээгүй, хувийн өмчтөн гэгдэхээс айдаг байсны гай дайрсан

6.Итгэл үнэмшил нь дампуурснаас баримжаа алдсан

7.Хятадын хүн амын 80 хувь нь хөдөө ажиллаж тэрбум хагас хүнээ тэжээж байхад монголын хүн амын 80 хувь нь хот сууринд сууж тариа, ногоо тарихгүй, мал өсгөхгүй атлаа гурил, мах шаарддаг.

8.Гадаадаас лууван, вандуй, өргөст хэмх, лооль гэхчилэн үжрэшмэл, шимгүй хөрсөнд элдэв бордоогоор тэтгэж ургуулсан хүнсний ногоо зөөж иддэгээс сульдаа, шүүдэст эмгэгшил, цус багадалтад өртсөөр байдаг.

9.Цөс хөөх, цус шингэлэх, нян нядлах, дотор цэвэрлэх үйлчилгээтэй олон тооны хүнсний зүйл монгол хүний хоолны таваг дээр алга, харин бадгана, хүйтэн хийг аривжуулах бурам, чихэр бол энд тэндээс зөөж таваг дээрээ овоолсоор байна.

10.Уул нь монгол ээзгий цөс хөөдөг, тараг ходоодны хүчлийг өндөржүүлж, ходоодон дахь ялзрах урвалыг багасган, хордлогоос хамгаалдаг, сүү, шар тос биеийн шимийг тэтгэж, ааруул бяслаг кальци, фосфор, уургийн дутагдлыг нөхөж, айраг ядаргааг гаргадаг уламжлалт хүнс тэжээл атал үүнийгээ үл тоомсорлон кока кола, элдэв янзын шүүснүүд гаднаас зөөж хүүхдүүдээ “гүзээлүүлсээр” байгаа маань бидний бэлэнчлэх сул тал юм.

11.Дахин сэргээгдэх баялгийн зургаан эх булагтай атлаа түүнийгээ ашиглах бодлого хэрэгжүүлэхийн оронд мөдхөн ёроол нь харагдаж барагдахад экологийн гүнзгий хохирол, байгал орчны эдгэхүйеэ бэрх шарх сорви, хөрс, агаарын хор үлдээх чиглэлээр гадаадынханд найр тавин бөхөлзөж “үлдэгдэл”, “өвдөл цөвдөл” горьддог улс төрчидтэй

12.Улс төрчдийн хяналтгүйгээс дур зоргоор аашлах нөхцөл үүсч, боловсон хүчний сонголт хямарч (шилдэг туршлагатайчууд нь хуучинсаг гэж ад үзэгдсэнээс) бялдууч, зальхай, ашиг завшаанч этгээдүүд эрх тушаалд дэвшсэн

13.Дагалдангийн сэтгэлгээ, бэлэнчлэх хандлага, дуурайн хуулбарлах зан авир, хөнгөмсөг чанар, хээгүй байдал, итгэмтгий хүүхдэрхэг цайлган зан авир

14.Өөрийгөө голж, гадныхны өмнө бөхөлзөх, гадаадын болгон сайн гэж хуурагдах хүүхдэрхэг сэтгэлгээнд автагдах нь зэрэг гол сул тал юм

Давуу тал гэвэл:

1.Юмыг хурдан тусгадаг, сониуч зантай, авьяастай

2.Олон сая малтай, тэр нь таван төрөл (Говь хангай, хээрт зохицсон) бөгөөд сүү, мах, ноос, арьс шир бусад бүтээгдэхүүн тэр ч байтугай аргал, хоргол нь түлш түлээнд хэрэг болдог баялагтай.

3.Нэг хүнд ноогдох малын тоо, газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүр орох баялагтай, тэр нь нөхөн үржих, төлжих ч чадвартай

4.Цэвэр ариун байгаль орчинтой, урвалзүйн болон бусад гаднын нөлөөнд ороогүй онгон хөрс шороо, ус ургамалтай

5.Хойт болон урд (номхон) их, далайнуудад усаа нэмэрлэдэг голуудтай, хулан, хавтгай, тахьнаас эхлээд мазаалай (говийн баавгай) бөхөн, цаа буга, хүдэр, минж болон шар чөцүүлээс эхлэн олон төрлийн ховор хулгана, хар өвс, эрэвгэр дэрэвгэрээс эхлээд гоёо, хармаг, чирийн мод гэхчилэн ховор ургамал,

жимс ногоотой, хүн хорхой, олгой хорхой гэхчилэн хаана ч байхгүй хорхой шавьжтай гэхчилэн тоочиж баршгүй ховор юмс агуулсан гурван бүсийн орны хувьд “Дэлхийн зоопарк” болгож “ахимсын” хор үл хүргэх зэргэмжинд дархлагдах боломжтой орон

6. Төрөл бүрийн үлэг гүрвэл болон бусад ховор эртний амьтдын яс, өндгийг хөрсөн дороо агуулсан, буган чулуу, хүн чулуу, хадны зураг бичиг зэрэг түүх соёлын ховор өв дурсгалыг хөрсөн дээрээ хадгалсаар буй орны хувьд ч гэсэн Монгол улс өөр бусдаас онцгой билээ.

Ийм нөхцөлд зах зээлийн тогтолцоо өрнөдийн буюу Европ, Америкийн жороор биш монголчуудын бариа засал, эм тангаар (байгалийн гаралтай) илааршуулж, хэрэглэгчийн тоо маш цөөнийг харгалзан, гадаадын хэрэглэгчдийн хэрэгцээнд тохирсон мал аж ахуйн гаралтай (ноос, ноолуур, арьс шир гэхчилэн) бүтээгдэхүүнийг дэлхийн стандартаар боловсруулж, түүгээрээ “дангаарших” бодлого чухал байна.

Вискийгээр Голланд, Коньякаар Франц гэхчлэн дангаарших болоод байгаа юм чинь “ноолуураар” Монгол даяаршлын ертөнцөд “дангааршиж” бүрэн боломжтой.

Эдийн засгийн сонирхол нь оюуны сонирхлыг хавчиж, “биеийн бөхийг” биш “Ухааны бөхийг” барилдуулж” “уяаны морийг” биш “оюуны морийг” уралдуулж сурваас энэ бүхнийг чадмой.

Сул талаа сулруулж, давуу талаа давруулж, нэг санаа нэгдмэл хүчээр ажиллавал монголчууд бид төв Азийн зулай дээр бамбар асааж чадмой. Ингэхийг өөр хэн ч биш бид өөрснөө шийдвэрлэх ёстой.

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, доктор, профессор Л.Түдэв
http://www.sonin.mn/news/politics-economy/17111

Сурталчилгаа

One response to “Монголчууд бидний сул тал & Давуу тал гэвэл

  1. Бушуу болих Mid June 2013 news for Mongolians in Australia | Mongolian Students Association in Australia

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s