Tseren Tour: бизнес эрхлэх хүмүүс эхлээд төлөвлөгөө гаргадаг, монголчууд эсрэгээрээ, хийчихээд дараа нь төлөвлөдөг.


Amjilttai yavaa humuus amidraliig mongon dungeer bish oor negjeer hemjdeg. Durtai yumaa hiigeed kaiftai amidarch baival ashig oloh zorilgo aguulah albagui business ch gej baina, Business n ooroo busy baih gesen utgatai…

Э.Цэрэндолгор: Мөнгөн дүнгээр бол баяжаагүй ч, аялал жуулчлалаас маш их зүйлийг олж авсан

http://www.mongolnews.mn/i/42435

2013-05-20 13:05:00

 -Урин дулаан цаг ирлээ. Энэ бол аялал жуулчлалын салбарынханд ажилдаа гараарай гэсэн дохио байх. Өнгөрсөн намраас хойш энэ салбар бага зэрэг хөдөлгөөнд орж, шинэ сайдтай боллоо, шинэ лого, уриа үгтэй болсон байна. Тэгэхээр та бүхэн ажлаа эхлэхэд бэлэн байна уу?

-Шинэ Засгийн газар бүрдэж, аялал жуулчлал соёл, спортын салбартай төвхнөж, багагүй хөдөлгөөнд орж эхлээд байна. Мөн бид шинэ дүр төрх бүхий логотой боллоо, уриа үгээ ч өөрчиллөө. Яамны зүгээс бас аялал жуулчлалынхны тулгарсан асуудлыг сонсъё, шийдье гэсэн асуудлууд ярьж эхэллээ. Тэгэхээр бид харьцангуй өөдрөг л байна. Мөн энэ жил “Tseren tours” компанийн маань 20 жил тохиож, хамгийн эхний, том ажил болгож бид Ордосоос гаралтай дуучин Цахар Тугчийн Урнаагийн тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Төрийн зүгээс та бүхэнд нэг чиг гаргаад өгчихлөө. “Go nomadic, Experience Mongolia” гэж уриа үгээ өөрчлөөд, үлэг гүрвэл унасан хүүгийн дүртэй лого хийснийг хэлж байгаа юм. Танай компанийн хувьд энэ бүхэнтэй уялдуулж, үйл ажиллагаандаа өөрчлөлт, шинэчлэлт хийх талын юм бодсон уу?

-“National Geographic Traveler” сэтгүүлд Монголыг сурталчилахаар болсон гэнэ. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ их ажлын маш бага хэсэг нь шүү дээ. CNN, BBC-гээр байсхийгээд л “Incredible India” гээд л гардгийг бид мэднэ. Хэдэн тэрбумын өртөгтэй, олон жилийн тогтвортой төсөл явуулж байж улс, орноо таниулж, дэлхийн аялагчдын анхаарлыг татна уу гэхээс ганц уриа, лого өөрчилснөөр болчихгүй. Бид уриагаа өөрчилж, логогоо шинэчилж болно. Гэхдээ үүнийгээ хүмүүст, дэлхий нийтэд түгээж, таниулахгүй бол шинэчлэлийн үр дүн гарахгүй.

-Тийм л дээ. Ялгарах онцлог, давуу тал гэдэг нэн тэргүүний юм байхаа больжээ. Маркетингийн эрин зуунд бүтээгдэхүүнээ сайн сурталчилж, таниулахгүй бол юу ч үгүй хоосноос ялгаагүй юм байна. Жишээ нь, таныхаар бид маркетингийн ямар арга, хэрэгслийг ашиглаж, ямар бодлого барих хэрэгтэй вэ?

-Гадаадад Монгол Улсаа танилцуулахын тулд цогц маркетинг, цогц бодлого хэрэгтэй. Эхлээд нөөцийн тухай ярина. Дараа нь нөөцөө яаж түгээх, үүнийгээ хэрхэн ашиглах тухай ярих болно. Жишээ нь, Казахстанд Монголынхтой адилхан нүүдэлчин уламжлал, соёл одоо бараг байхгүй. Гэтэл олон улсын үзэсгэлэн болоход тэд байшин дотор томоо гэр засаад, тэндээ бидний л үзүүлэх гэж яддаг малчин ахуй, нүүдлийн соёлыг харуулчихаж байна. Бас бүргэдээр амьтан барихыг харуулдаг юм. Уг нь бидэнд үзүүлье гэвэл тэднээс их юм бий шүү дээ. Ер нь аялал жуулчлалын зах зээлд төр нь маркетинг, таниулах сурталчилгааг хийдэг. Жижиг компаниуд энийг чадахгүй, бид нэгдээд ч хүчрэхгүй.

-Таныг хүлээж байх зуураа нэгэн сэтгүүлд Монголын 100 баян эрхмийг жагсаасан байхыг харлаа. Аялал жуулчлалын салбараас лав нэг ч хүн алга. Гэхдээ энэ бол нэг их гайхахаар юм биш л дээ. Ер нь Монголд аялал, жуулчлалын бизнес эрхлээд баяжих боломж бий юү?

-Байхгүй. Бид гуравхан сар бизнес хийдэг. Арван жилийн өмнө бидний ашиг мууг үй байсан. Ямар ч байсан орлогын 50 хувь нь ашиг болдог байв. Харин сүүлийн зургаан жилд уул уурхай хүч түрж, үүнийг дагасан үнийн хөөрөгдлөөс болоод аялал жуулчлалын компаниуд 10-15 хувийн ашиг олж ч хүчрэхгүй байна. Дотоодод дэд бүтэц, үйлчилгээ сайжрааг үй байхад үнийн өсөлтөөр шалтаглаад бид аяллынхаа үнийг өсгөж чаддаггүй. Чадах ч үгүй. Би уялдуулаад үнээ нэмж болно, гэхдээ үйлчлүүлэгчээ алдаад л дуусна. Сүүлийн зургаан жилд дизель шатахууны үнэ 28 хувиар өссөн байхад миний баруунд зардаг үнэ таван хувиар өсөж чадаагүй. Монголын аялал жуулчлал хүнд нөхцөлтэйг мэддэг болохоор баян бизнесменүүд энэ салбар руу ордоггүй. Тэгэхээр давхар өөр юм л хийхгүй бол дан энэ салбараас ашигтай ажиллаж чадахгүй. Нөгөө талаас нь харвал, хэдийгээр аялал жуулчлалын салбарын компаниуд их мөнгө олдоггүй ч бусад салбартаа тарааж байгаа нь маш их. Жуулчин Монголд буусан цагаасаа л эхлээд л хүний үйлчилгээ авдаг. Тосож авах жолооч, тур оператор, зочид буудал, жуулчны бааз, малчин, орчуулагч, дэлгүүр, агаарын тээврийн компаниуд гээд бүгдийг тэтгэдэг. Тэгэхээр жуулчин ирэхээр л хэдэн цаастай болдог нь ганцхан тур оператор биш болж байгаа байхгүй юу.

-Танай компани энэ зах зээлд том байр суурьтай болжээ. 20 жилийн өмнө бизнесээ эхлүүлж байхдаа ийм зүйлийг төсөөлж, харж байсан уу?

-Анх энэ бизнест хөл тавихдаа би юу руу орж байгаагаа ч мэдээгүй, ямар нэгэн зорилго ч тавиагүй. Уг нь бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс эхлээд төлөвлөгөө гаргадаг юм байна. Гэтэл монголчуудын ихэнх нь эсрэгээрээ, хийчихээд дараа нь төлөвлөдөг. Миний хувьд үүнээс нэг их зөрөөгүй. Бизнесийн сургууль төгсөөгүй, хүнээс мөнгө асуухдаа ичдэг тийм л охин гараагаа эхэлсэн. Улмаар бэрхшээлтэй тулгарч, зорьсон зах зээлдээ хүрч чадахгүй болохоор дүгнэлт хийж, төлөвлөгөө, зорилт гаргадаг болдог юм билээ. Би таван жилийн өмнө төлөвлөхдөө “Tseren tours” Монголдоо танигдсан компани болно, бидэнд ашиг өгөхгүй ч урлаг, хүмүүнлэгийн салбарт орно гэж зорьсон. Одоо эргээд харахад, их мөнгөтэй, баян компани болно гэж зориогүй юм байна. Зардгаа, олдгоо мэдэх болохоор тэр байх. Сүүлийн үед энэ салбарт ажиллах надад улам л хэцүү санагдаад байгаа. Тэгэхдээ би яах аргагүй аялах дуртай. Энэ салбар надад юм өгөөгүй биш, маш их юм өгсөн гэдгийг мэднэ. Хэрвээ энэ салбарт ороогүй бол Монгол орноо бүтэн үзэхгүй, соёл, уламжлалынхаа сайныг мэдэхгүй, өөрөө өөрийнх өө хэн бэ гэдэг ялгааг бусдаас илүү тод харахгүй байсан. Мөнгөн дүнгээр бид баяжаагүй ч, энэ салбартай холбогдсон минь надад маш ихийг өгсөн.

-Та түрүүн хэлсэн, аялал жуулчлалын компаниуд давхар өөр юм л хийхгүй бол болдоггүй гэж. Жишээ нь, та хажуугаар нь өөр бизнес хийдэг үү?

-“Cafе Amsterdam” гээд жижигхэн кафе нээсэн. Улаанбаатарт ирсэн гаднынханд өглөө цай уучих газар олддоггүй учраас тэр. Манайд маш олон ресторан байдаг хэрнээ өглөө 07.00 цагт онгорхой байдаг нь ховор. Кафегаа дан ганц кофе шоп биш, соёл урлаг түгээдэг, хүмүүс лекц хийж, уулзалт зохион байгуулдаг газар байгаасай гэж хүссэн, одоо тэрүүгээрээ л явж байна.

-Бид ажиллах хүчний тухай сүүлийн жилүүдэд их ярьдаг болсон хэрнээ аяллын салбарынхыг нэг их хөнддөггүй. Гэтэл сүүлийн жилүүдэд хөтөч нарын дийлэнх нь уул уурхайн компани руу явах болсон шиг санагддаг.

-Ер нь насаараа хөтөч хийе гэсэн хүн байдаггүй. Байлаа ч Монголд үүгээр оршин тогтноно гэдэг өрөөсгөл. Зуны гуравхан сар ажиллачихаад бусад үед нь сул сууна шүү дээ. Тийм болохоор манай дотоодын компаниуд гадагш нь бас аялал хийх гэж яриад, үзээд байна. Тэр хүмүүсээ ажилтай байлгах гэж хичээж байгаа нь энэ. Миний хувьд гадаадын аялалд дургүй. Учир нь гадаадын компаниудад мөнгө төлөхийг хүсэхгүй байна. Гэхдээ миний үзэл бодол ч гэсэн өөрчлөгдөх ёстой, яагаад гэвэл юм дандаа нэг хэвээр байхгүй.

-Монгол ер нь эмэгтэй хүн бизнес эрхлээд явахад хэр таатай орон бэ. Сая л гэхэд та цөөнгүй бэрхшээл хэлсэн хэрнээ жендертэй холбоотой зовлон нэгийг ч дурдсангүй.

-Айхтар том тохиролцооны бизнесүүд дээр эрчүүд их олон байдаг гэж сонссон. Яг харвал манай эмэгтэйчүүд жижиг, дунд бизнест түлхүү байдаг. Эрчүүдийн ордоггүй жижигхэн юм болгоныг эмэгтэйчүүд авч явна. Тэрнээс биш эр, эм гэсэн жендерийн ялгаа Монголд, ялангуяа бизнесийн салбарт байхгүй санагддаг. Аялал жуулчлалын салбарт ч тэр. Арван хэдэн жилийн өмнө байсан. Жолооч нартай тохиролцохоос эхлээд хүнд байсан. Одоо бол надад би эмэгтэй хүн, надад хүнд байна гэсэн ойлголт огт төрдөггүй.

-Монголын эдийн засаг энэ онд арав гаруй хувиар өсчээ. Бизнес эрхлэгч хүний хувьд, “Tseren tours” компанийн хувьд энэ өсөлтийг давахгүй юм аа гэхэд зэрэгцээд дээшилсэн зүйл ажиглагдаж байна уу?

-Байхгүй. Энэ өсөлтийг хэн нь хүртээд байгаа юм бүү мэд. Лав эдийн засгийн тэр том үзүүлэлтүүд нь жирийн иргэнд ч наалдахгүй байгааг мэдэж байна. Хэрэв би ханган нийлүүлэгч байсан бол тэр өсөлт надад мэдэгдэх байсан байх. Өнөөдөр уул уурхай байгалийн нөөцийг авч байна, өнөөдөр миний бидний явдаг газрыг авч байна, замыг хааж байна. Бид улам л чирэгдэж байгаа. Манай нэг найз саяхан аялал жуулчлалын бизнесээ болиод уул уурхай руу орсон. Тэгээд “Бид ёстой инээдтэй бизнес хийдэг байсан юм байна, наанаасаа гар” гэж зөвлөсөн. Гэхдээ энэ бизнесээс авдаг таашаалаа мартаж болохгүй л дээ.

-Хэцүү бэрхийг нь мэддэг хэрнээ аялал жуулчлалын бизнесээ орхилгүй, үргэлжлүүлээд байгаагийн тань учир юу вэ?

-Хорин жил энэ бизнесийг хийчихсэн болохоор надад өөр мэдэх салбар гэж байхгүй. Энэ салбарт байсан ихэнх хүн уул уурхай руу явж байна. Бүгд явчихвал хэн үлдэх юм. Ингэж хэллээ гээд зарим нь намайг шоолж магадгүй. Гэхдээ олон улсын үзэсгэлэнг үүдэд бид очихгүй бол, Монгол Улс бүхлээрээ тэнд харагдахаа больчихно. Монгол Улсын төр тэнд байдаггүй, хувийн компаниуд л эх орныхоо нүүрийг тахалдаг болохоор тэр. Тиймээс энэ бизнест нэгэнт л орсон болохоор эцсийг нь үзнэ л гэж боддог.

-Яамнаас 2015 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн. Энэ хэр бодитой мөрөөдөл вэ?

-Тоондоо голно биш ээ. Сая жуулчин авахын оронд Монголд ирж байгаа 200 жуулчнаас яаж ахиу мөнгө салгах вэ, яаж тогтвортой байлгах вэ гэдгийг бодох ёстой. Тэр нэг сая гэсэн тоог яам зорилт тавьснаар авчирдаггүй, аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа компаниуд авчирдаг юм. Тийм учраас сая жуулчин авахаар төлөвлөж байгаа бол тур операторуудыгаа л дэмжих хэрэгтэй.

One response to “Tseren Tour: бизнес эрхлэх хүмүүс эхлээд төлөвлөгөө гаргадаг, монголчууд эсрэгээрээ, хийчихээд дараа нь төлөвлөдөг.

  1. Бушуу болих Australian news for Mongolians by late May 2013 | Mongolian Students Association in Australia

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s