Австралчуудын өнөөгийн амьдрал: “Ээжүүдийн бүлэг” Фиона Хиггинс(2013)


Strongly recommend to read ‘The Mothers’ group’ by Fiona Higgins. Modern Australian life behind doors …http://www.allenandunwin.com/default.aspx?page=94&book=9781742379869

“Ээжүүдийн бүлэг” Фиона Хиггинс(2013)

Сүүлийн 10 жил дандаа хувь хүний намтар, хууль, эрх зүй, олон улсын харилцаа, түүхтэй холбоотой ном уншсан байна. Оюутан байхдаа уншсан зузаан сонгодгуудаас хойш уран зохиолын ном ерөөсөө уншаагүй юм байна (Шүүдэрцэцэгийн жижиг номыг эс тооцвол…). “Хамгийн их зарагдаж буй тууж”, “Австралчуудын өнөөгийн амьдралыг ил болгосон” гэсэн зүйлийг хавтсан дээрээс нь уншаад худалдаж аваад 2 хоногт уншиж дуусгалаа.

Бие биенээ огт мэддэггүй байсан зургаан бүсгүй хүүхэдтөрүүлж, хорооны эх, нялхсын эрүүл мэндийн төвөөс долоо хоног бүр зохион байгуулдаг “Ээжүүдийн бүлэг”-т анх танилцаж нэг жилийн хугацаанд тэд үй зайгүй найз, дайсан ч болж үзнэ. Энэ туужид орчин үеийн Австраличуудын хаалганы цаадах бараг бүхий л төвшний айлын нууцыг ил болгон гаргаж ирэх гэж оролдсон байна.

Жини. Энэ бол 40 нас хүрч байгаа томоохон хуулийн фирмийн ахлах хуульч. Католик хувийн дунд сургууль төгсч, дундаж Австрали айлын хүүхэд болж өссөн тэрээр өдий зэрэгт хүрсэндээ бас өөрөөрөө их бахархана. Тэр хэзээ ч хүүхэдтэй болно гэж боддоггүй байлаа. Далайн эрэг дээрхи тансаг хаусанд ганцаар амьдардаг тэрээр өглөө бүр эрэг даган түргэн алхах дасгал хийж байхдаа усан дээгүүр гулсдаг Даниелтэй танилцана. Мэдээж тэр өндөр орлоготой буюу жилд 200 мянга орчим долларын цалинтай, хангалуун амьдралтай ганц бие эмэгтэй байсан ч “санамсаргүй” байдлаар өөрөөсөө 7 насаар дүү Даниелаас жирэмсэн болно. Жини Даниелтэй хуримаа хийж, хүүхдээ төрүүлэн гэр бүлийн жаргалтай амьдарл эхэлсэн ч энэ нь түүнд хуулийн фирмдээ партнерийн хэмжээнд очиход нь саад болно. Нөхөр нь гэртээ зохиолоо бичиж, тэд хүүхэддээ асрагч авж өөрөө ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Гэвч хүүхэд асрагч ирланд бүсгүйтэй нөхөр нь аальгүйтсэн гээд асуудал үүснэ. Гэхдээ туужийн эцэст Жини дахин жирэмсэн болсон байна.

Мээд.Энэ бол 23 настай Бали арлын бүсгүй. Тэрээр 50 гаруй насны инженер Гордон гэж өвгөнтэй сууж, тэд хамтдаа Сиднейн хойд хэсэгт далайн эрэгт 2 өрөө унтлагын өрөөтэй орон сууцанд хүүгийн хамт амьдарна. Барууныхны, тэр дундаа Австраличуудын очих дуртай хамгийн хямд арлуудын нэг Балид 2000 оноос хойш 2 ч удаа бөмбөг дэлбэрч, террорист халдлагад өртсөн тул жуулчдын тоо эрс багасч Баличуудын орлого эрс багассан байна. Мээд Бали арал дээрхи өндөр уулын орой дээр амьдардаг нэн ядуу нэгэн тосгонд амьдардаг охин байсан байна. Гэсэн ч түүнд аз таарч Бали арал дахь жуулчид ирдэг газарт нагацтайгаа хамт өндөр зэрэглэлийн зочид буудалд цэвэрлэгчээр ажилд орно. Улмаар энд тэрээр эхнэр хүүхдээ автын осолд алдсан инженер Гордонтой дотносч гэр бүл болно. Мээд “ээжүүдийн бүлэг”-т Ази болон ядуу орнуудын хүмүүсийн уужуу тайван сэтгэл, шантаршгүй хөдөлмөр, өрөвч зүрх, өгөөмөр хандлагын талаар бусад таван ээжид ойлгуулж, тэдэнд амьдралын гүн утга учрын үлгэр дуурайлал болно.

Сузи. Энэ бүсгүйг хүүхдийнх нь эцэг 7 сартай жирэмсэн байхад нь орхин явсан бөгөөд Австрали Улсад маш их болсон өрх толгойлсон, төрийн халамжаас амьдрал нь шууд хамаардаг залуу эмэгтэйн амьдралыг харуулсан дүр. Дээд боловсролгүй, хамгийн сайн хийж чадах зүйл нь дэлгүүрт худалдагч хийж чадах тэрээр аргагүйн эрхэнд гэртээ массажны бизнесээ сэргээнэ. Намхан биетэй, боловсрол багатай ч тэрээр эрүүл хооллолт, бясалгалыг чухалд үзэж, хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулна. Өглөөний гүйлт хийж, өглөө бүр кофе уудаг газрынхаа кафед тэрээр нэгэн гайхамшигтай, боловсролтой, соёлтой жентелментэй танилцана. Сузи түүнтэй ирээдүйд гэр бүл болох талаар төсөөлж, хүүхэдтэй гурвуулаа цаг өнгөрөөдөг байлаа. Харамсалтай нь тэр залуу нь “Ээжүүдийн бүлэг”-ийн өөр нэгэн эмэгтэйн нөхөр болж таарна.

Миранда. Уран зургийн галерейн менежер хийж байсан 30 гаруй насны энэ бүсгүй Итали гаралтай, санхүүгийн томоохон компанийн үндэслэн байгуулагч, ерөнхий захирал Виллем гэдэг 3 настай хүүхэдтэй эртэй нэг гэр бүл болно. Виллемийн 3 настай Дигби хүүгийнх нь эхнэр Мирандатай гэрлэхээс өмнө нас барсан байна. Уран зургийн галерейн менежерээр ажиллаж байхдаа хамгийн үнэтэй хоёр зургийг худалдан авсан Виллемтэй танилцаж, зургаа ханан дээрээ өлгөхөд нь тусалж, Виллемийн гэрт очсоноор тэд анх танилцана. 3 настай Дигби нь маш сахилгагүй, хүмүүжилгүй, хэдхэн сартай нялх хүүхдээ бас өсгөж асрана гэдэг маш хүнд, дээр нь нөхөр нь Австралийн бусад нийслэл, Дэлхийн санхүүгийн төвүүдээр байнга нисэж байх тул тэрээр маш их ганцаардана. Миранда өндөр биетэй, европ соёлтой, урлаг, соёлын час хийсэн боловсролтой дур булаам бүсгүй гэж зохиол харуулна. Хэдийгээр Дигбид хойд эх бус, ээж шиг нь хандах гэж оролдовч хүүхэд нь өөрөө байгалаас маш хүнд ааш, араншинтай байх юм. Ингээд амьдралдаа стрессдсэн тэрээр нөхрөөөсөө, бусад ээжүүдээс нууж усны савандаа архи хийж байнга уусаар л байна. Нөхөр Виллем нь Сузигийн нууц амраг болж, сүүлдээ Миранда хувийн эмнэлгийн мансууруулах бодис, архинд донтох өвчний тасагт хэвтэнэ.

Пиппа. Арван жилд нэг католик сургуульд сурч байсан Роберт гэх барилгачин залуутайгаа гэр бүл болсон байна. Хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг тэрээр Роберттой хүүхэдтэй болох гэж олон жил эмчилгээ хийлгэсний эцэст охинтой болно. Харамсалтай нь тэрээр доошоо өөрөө мэдэхгүйгээр шингэнээ алддаг өвчтэйгээ мэдээд түүндээ маш их санаа зовж, гадуур гарахаас их ичдэг байв. Гэвч тэрээр ээжүүдийн бүлэгт явж, ганцаардлаас бага ч гэсэн хөндийрч, эцэстээ эмчилгээ хийлгэн эрүүл болно. Найз бүсгүйнх нь нөхөр хүүхэд асрагчтайгаа аальгүйтэж байсныг харсан тэрээр найз бүсгүйдээ хэлэх, эсхүл яг тодорхой зүйл хараагүй болохоор чимээгүй өнгөрөөх эсэхдээ эргэлзэнэ.

Кара. Ээжүүдийн бүлгийн хамгийн сайхан ааштай, хүн бүртэй элэгсэг дотно харилцаж, хүн бүрийн “найз” болж чаддаг нийгмийн шударга ёсны төлөө сэтгүүлчээр ажилладаг энэ бүсгүй Ричард гэж няглтан залуутай гэр бүл болж, түүний хүүхдийг төрүүлнэ. Гэсэн хэдий ч оюутан насандаа дурлаж явсан энэтхэг залуутайгаа дахин тааралдаж, хүүхдүүдийнхээ төрсөн өдөр, ээжүүдийн өдрийг паркад тэмдэглэж байсан өдөр тэрээр нөгөө энэтхэг эмчтэйгээ дахин уулзана. Энэ хооронд тэрээр хүүхдээ Мирандад захиж үлдээнэ. Гэвч Миранда өөрийн нөхөр Виллем, Сузи хоёр муудалцаж буйг холоос хараад гайхаж, дээр нь өөрөө архинаасаа уусан байна. Эцэст нь Карагийн хүүхэд паркийн дэргэдэх хиймэл голд доошоо харан живсэн байна.

Карагийн хүүхэд нас барсан энэ явдал нь хэвлэл мэдээллээр хангалттай сенсац болж, ээжүүдийн бүлгийнхний бүгдийнх нь амьдрал эрс өөрчлөгдөнө. Нэг жилийн хооронд эдгээр ээжүүд долоо хоног бүр кафед кофе хувааж ууж, бүгдийнхээ гэрээр нь зочилж үзсэн, хоёр ч удаа номын клуб зохион байгуулсан, бааранд суусан гээд их л дотноссон байлаа. Тэд анх бие биенээ огт таньдаггүй байсан бол жилийн дараа гэхэд хамгийн дотны эмэгтэй найз, нөхөртөө хэлж ярьдаггүй зүйлээ ч хоорондоо ярьж, хуваалцдаг болсон байна.

Дэлхий даяар үүссэн санхүүгийн хямрал ээжүүдийн бүлгийнхний амьдралд бас эцэстээ нөлөөлнө. Гордон ажилгүй болж, зардал хямдыг нь бодоод эхнэр Мээдийн хамт Индонезийн Бали аралд хэсэг хугацаанд амьдрахаар шийднэ. Хүүхдээ алдаж, сэтгэлийн гүн хямралд орсон Караг тэд хамт тийшээ авч явахаар онгоцны буудал дээр зогсоно. Тэднийг үлдсэн ээжүүд бүгд гаргаж өгөхөөр ирсэн байна. Ээж байх, эхнэр байх гэдэг ямар хүнд хэцүү гэдгийг тэд өөрөө болоод ээжүүдийн бүлгийн бусад найзуудаасаа илүү их мэдэрсэн ч бүгд дахиж хүүхэдтэй болно гэсэн итгэл төгс байна.

 

Зохиолыг тоймлон бичсэн:

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Алтан эрэг хот, Австрали Улс

2013 оны 05 сарын 09

5 responses to “Австралчуудын өнөөгийн амьдрал: “Ээжүүдийн бүлэг” Фиона Хиггинс(2013)

  1. Пөөх. Мандахбат дүү минь энд ингэж уулзах гэж хэ хэ. Хэд хоногийн өмнө Твиттерт мэнд мэдсэн. Одоо Гэгээн блогт.

    Умшсан зохиол чинь сонин байж таарах гээд байна

  2. “Хорвоо дэлхий уудам, Хийх ажил их байна” гээд дүү нь 10 настайдаа Мандалговьд айлуудаар сонин зараад явж байлаа (1992 он). Зарчим хэвээрээ.

  3. “Хорвоо дэлхий уудам, Хийх ажил их байна” гээд 10 настайдаа Мандалговьд Нэг төгрөгний үнэтэй сонин зараад гүйж байлаа (1992). Зарчим хэвээрээ. Гэгээн бас эртний АНД.

  4. Бушуу болих Австралчуудын өнөөгийн амьдрал, АВСТРАЛИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХӨРӨНГӨ БОСГОХ, CQU EAP $256pw, ACCA Accounting courses and more | Mongolian Students Association in Australia

  5. Sain bna uu uu Mandakhaa chinii toimlon bichsen nom dajgyi nom bna shuu Buten nomoor ni avch unshval bur saikhan bh daa
    haaguur zaragdaj bna

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s