МӨНГӨ ГЭЖ ЮУ ВЭ?


Нэгэн цагт нилээд мөнгөтэй болж бас ч хангалуун амьдарч байсан нэг танил маань энэ тухай харамсан ярьж байсан юм.

“Миний эргэн тойронд бүх юм зөвхөн мөнгө болж хувирах л хамгийн аймшиг. Ажил дээр ч гэртээ ч зөвхөн мөнгөний тухай л ярина. Бүх хүмүүс намайг хүн биш зөвхөн мөнгө болгож хараад ирэхээр жинхэнэ найз нөхөд, сайхан сэтгэл, чин сэтгэлээсээ тавих анхаарал халамж алга болно. Хуурамч засдаг зан, зусар зулгуй харьцаа, яаж ийгээд аргалах гэсэн оролдлогууд ухаантай хүнийг залхааж, тэнэг хүнийг яг л сармагчин шиг болгодог юм. Эцэст нь хэн ч намайг чин сэтгэлээсээ өрөвдөж хайрлахгүй, хэн ч миний зовлон жаргалыг үнэнээр нь ойлгохгүй. Энэ л хамгийн аймшигтай” гэж ярьж байсан юм.

Мөнгө бол зөвхөн хэрэглээ, өөр юу ч биш.

From: http://biznetwork.mn

Заяатай хүний боол мөнгө
Залхуу хүний хаан мөнгө

Хүн хүссэнээрээ тайван амьдрахад тийм их мөнгө хэрэгтэй юу? Мэдээж сайхан тохилог орон сууц, сайхан машин, өмсөх хувцас, хэрэгтэй үедээ зарцуулж болох мөнгө. Харин бид бараг бүгдээрээ Билл Гэйтс шиг болохыг хүсэцгээдэг. Ийм боломж үгүй л дээ. Хүн бүрд л өөр өөрийн боломж, чадвар байдаг. Монголчууд бид арай л туйлшрамтгай. Өөрийн боломж хэрэгцээгээ тооцож бодолгүй мөнгө олохын төлөө улайран зүтгээд байдаг. Үргэлж хэн нэгэнтэй барьцана. Тэднийх тийм юм авчихаж, манайх түүнээс илүүг авах ёстой гэж л сэтгэнэ. Арай илүү амьдарч байгаа нэгэндээ атаархаж хорсоно. Нэг бол бүгдээрээ баян эс тэгвэл бүгдээрээ ядуу байхыг хүснэ. Одоо юмыг арай л өөрөөр харах цаг болжээ. Нэгэн цагт нилээд мөнгөтэй болж бас ч хангалуун амьдарч байсан нэг танил маань энэ тухай харамсан ярьж байсан юм.

“Миний эргэн тойронд бүх юм зөвхөн мөнгө болж хувирах л хамгийн аймшиг. Ажил дээр ч гэртээ ч зөвхөн мөнгөний тухай л ярина. Бүх хүмүүс намайг хүн биш зөвхөн мөнгө болгож хараад ирэхээр жинхэнэ найз нөхөд, сайхан сэтгэл, чин сэтгэлээсээ тавих анхаарал халамж алга болно. Хуурамч засдаг зан, зусар зулгуй харьцаа, яаж ийгээд аргалах гэсэн оролдлогууд ухаантай хүнийг залхааж, тэнэг хүнийг яг л сармагчин шиг болгодог юм. Эцэст нь хэн ч намайг чин сэтгэлээсээ өрөвдөж хайрлахгүй, хэн ч миний зовлон жаргалыг үнэнээр нь ойлгохгүй. Энэ л хамгийн аймшигтай” гэж ярьж байсан юм.

Хүмүүс бид энэ ертөнцөд ирэхдээ нүцгэн ирсэн, буцахдаа ч нүцгэн л буцна. Хэмжээ хязгааргүй мөнгө цуглуулаад ч аваад явахгүйгээс хойш ингэтлээ өөрийгөө зовоох хэрэг байгаа юм уу гэж заримдаа бодогдоно. Өнөөдрийг хүртэл бид үнэхээр дутуу дулимаг бас ядуу амьдарч ирсэн болохоор хүн бүр л өөр өөрийн амьдралаа босгох гэж хичээж буй.

Жил сар хоног өнгөрч ажил амьдралын элдэв асуудалд үүртэж ядарч явахад, яруу найрагч Ц. Хулангийн “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах сан” гэсэн мөр толгойд эргэлдэж, зүрх шаналгана.

Хүн сайн хань, сайхан үр хүүхэд, сайхан найз нөхөд, дуртай ажил, чин сэтгэлээсээ ойлголцож, хэрэгтэй үед бие биедээ туслаж дэмждэг ах дүүстэй байхдаа л аз жаргалыг илүү мэдэрдэг. Тийм ээ! Мөнгө бол амьдралын утга учир, туйлын зорилго биш, ердийн л хэрэгцээ. Мөнгөнөөс илүү үнэтэй нандин сайхан зүйл Монголчууд бидэнд бий.

Мөнгө бол хүн бүрт хэрэгтэй. Тэр тусмаа өөрийн эх орондоо гэр бүл аав ээж, ах дүүс анд нөхөд бүгдийнхээ дэргэд өөрийн авъяас чадвар, мэдлэг боловсрол, шударга хөдөлмөрөөрөө хүссэн мөнгөө олж сэтгэл хангалуун тайван амьдрах эрхтэй.

Гэвч одоогоор Монголд ажил хөдөлмөр эрхэлж өөрийн хүссэнээрээ амьдрах боломж муу байгаа талаар зарим хүмүүс ярьдагийг бид мэднэ. Тэгэхээр хэн нэгэн бидэнд ийм боломж олгохыг хүлээгээд, эсвэл аз таарч ямар нэгэн сугалаагаар их мөнгө хожихыг хүлээгээд суугаад байх уу? Хүний сайхан амьдралын баталгааг хэрхэн бий болгох талаар хууль тогтоогчид болон эрх баригчдын анхаарлыг хандуулах цаг болжээ. Наад зах нь:

-Оюуны болон биеийн хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах,

-Бизнес шударгаар эрхлэх боломжийг хангах,

-Монгол орон даяар хууль тогтоомж тэгш үйлчилдэг, шударга ёсыг тогтоох,

-Ямарч хүн шударгаар хөдөлмөрлөж, хийснийхээ хэрээр хөлсөө авч сайхан амьдрах боломжийг олгох,

-Хүн бүр өөрийн хүсэл боломжоороо тайван амьдрах баталгааг бүрдүүлэх гэхчилэн үүний төлөө эвлэлдэн нэгдэж, бие биеэ дэмжиж, хамтран ажиллах, хүн бүр өөрийн боломж чадлаараа сайхан амьдралаа цогцлоохын төлөө санаа тавих цаг болжээ. Мөнгө бол хаан биш зөвхөн хэрэгцээ гэдгийг сана. Мөнгөний араас хөөвөл таны аз жаргалыг л хорооно.

Олон жил гадаадад амьдарч, ажил хөдөлмөр эрхлэхээр явсан монголчууд мөнгөний хойноос улайрсаар мөнгөөр үнэлэхийн аргагүй, ямар их үнэ цэнэтэй зүйлээ алдсаар байгааг ухаарч байгаа болов уу? Мөнгөөр олон зүйлийг худалдаж авч болдог хэдий ч мөнгөөр хэзээ ч худалдагдаггүй, түүнээс ч үнэ цэнэтэй олон зүйл байдаг юм.

Алс газар одсон үр хүүхдийнхээ төлөө сүү цайны дээжээ өргөж, “хүүхдүүдийн минь санасан хүсэл нь сэтгэлчилэн бүтэг” гэж залбиран ерөөж, хааяа нэг ирэх харь мөнгөний дээжийг нь бурхандаа тавьж, хэсэг жаахныг нь “сайн яваасай” гэсэн ерөөлөөр хийдэд ном хуруулж сэтгэлээ тайвшруулна. Бэтгэртлээ санаж, нойр юугаа хулжаан, эмтрэх сэтгэлээ “муу хүүхдүүд минь их мөнгөтэй болж сайхан амьдраг дээ” гэж өөрийгөө аргадна. Бие нь муу байхдаа хүртэл “байг дээ миний хүүхдүүд ирчихвэл буцаж чадахгүй хэцүүднэ. Миний бие гайгүй ээ, муу хүүгээ хулээж дөнгөнө” гэж бусдыг аргадаж өөрийн биеийг зовооно. Хүүхдүүдээ санаж шаналсан сэтгэлээ, тэдний минь амьдрал элбэг хангалуун сайхан болно гэсэн мөрөөдөлтэйгээ хамт тээсээр “гэгээн алсад” одоцгооно. Толгойгоо түшүүлнэ гэж төрүүлсэн хүүхдүүдийнхээ төөргийг нь түшиж гэгээн алсад одохдоо тэр л зүрх нь гомдоо болов уу? тайвшраа болов уу?

Байхгүй болсон аав ээжийнхээ жаазтай зургийн өмнө зул асааж, баярлуулж чадаагүйн харамслаа, гунигийн нулимстайгаа хамтад нь залгиж, харь газрын хатуу хуулиар өвдөх ч таслах ч эрхгүй ажилдаа явна. Өдөр шөнөгүй, эцэж цуцатлаа, хүссэн хүсээгүй хөдөлмөрлөж олсон тэр мөнгө, төрүүлж өсгөж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн аав ээжийг минь орлож чадна гэж үү?

Гадаадад хууль ёсоор болон хараар ажиллаж амьдарч байгаа Монголчуудын илгээсэн мөнгөөр олон айл өрх, орчин үеийн тохилог орон сууцтай болж байгааг төр засаг ч түмэн олон ч магтан бахархана. Гадаадад ажиллаж байгаа монголчуудын олонхи нь энэ л зорилгоор шүд зуун зүтгэцгээж байгаа. Нөхөр нь эсвэл эхнэр нь харьд хөдөлмөрлөж, олж илгээсэн мөнгөөр нь үлдэж хоцорсон нь шинэ орон сууц худалдаж орон, гоёмсог тавилгаар тохижуулна. Байртай болохын тулд дор хаяж 3 түүнээс дээш жил хөдөлмөрлөх болно. Энэ л хугацаанд “бие нь холдохоор сэтгэл нь холдоно” гэдэгчилэн хичнээн хичээгээд ч заримынх нь амьдрал холдоно. Харь газар ганцаардаж шаналсан сэтгэл, халамж, нөмөр нөөлгөө “хамтран амьдрагчаар” орлуулж нөхнө. Хааяа шаналж ичингүйрсэн сэтгэлээ “хаа газар бүгд л адилхан байгаа шүү дээ” гэсэн хачраар дарна. Ийм л гунигт хувь заяагаар олон олон гэр бүл салж, олон олон хайртай хосуудын зүрх шархалж шанална. Хоосон дутуу байхдаа халуунаар дүрэлзэн асч асан хайр сэтгэл нь гоёмсог тавилгатай саруулхан тасалгаанд бие биеэ хайн “бүдчинэ”. Буцаж ирсэн заримынх нь санаж хүлээсэн сэтгэл “танихгүй” ертөнцөд төөрч, бүлээхэн энхрийхэн. дүүрэн байсан хайраа үгүйлнэ. Илгээгээд байгаа мөнгөөр нь хөгжөөд байгаа төр засаг алдагдаад байгаа энэ л гашуун амьдралыг ямар нүдээр харж байгаа юм бол.

Үнэтэй машин, гоёмсог тавилга, тансаг сууцнууд, өвлийн хүйтэн цасан дороос сайхан сарнай цэцгийг ч ургуулж асан тэр их дэврүүн хайрыг эргүүлж өгч чадна гэж үү?

Хаашаа, юунд, ямар хугацаагаар явж байгааг нь ч төсөөлөхгүй инээж баясан, жижигхэн булцгар гараараа даллаж, бүлээхэн хөөрхөн хацраа үнсүүлж үлдсэн балчир жаахан үрс нь өсөж том болжээ. Аав ээжийнхээ явуулсан мөнгөөр дуталдах зүйлгүй өсч, бас ч залуу хүний чамирхаж болох бүхнээр гангарсан залуус бохь зажилж бааранд пиво шимж сууна. Мөнгө хэмээх ид шидтэний буянгаар дуртай сургуульдаа суралцаж, хүссэн дүнгээ авна. Эхэндээ ирэхийг нь хүлээж, санаж бэтгэрэх шахсан сэтгэлийг нь цаг хугацаа элээж нэг л мэдэхэд алсад байгаа аав ээжийн төрх харь мөнгөний дэвсгэрт дээр байгаа үл таних хүний дүрснээс нэг их ялгаагүй санагдана. Аав ээжийнхээ гараас зүүгдэн дэвхцэж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаацан, ажлаасаа ирээд гэртээ өнжих аав ээжийнхээ энгэрт нь наалдан эрхэлж хамаг бүхнээ тоочин шулганах, санамсар болгоомжгүйгээс буруу зүйл хийчихээд аав ээжээсээ эмээн гэртээ орж чадахгүй зогсох тэр л хайр зэмлэлээс хол өссөн тэднийг буруутган зэмлэж яаж болох билээ. Өсөх насандаа амсах байсан хайр энхрийлэл, халамж анхаарал, магтаал зэмлэлийг орлож байгаа “мөнгө” тэдний оюун санааг ч буруу тийш хөтөлж, алив зүйлд хайнга хайхрамжгүй, бас хэнэггүй хандах хандлагыг төлөвшүүлж байгаа бус уу? Балчир ахуйд нь ус агаар лугаа хэрэгтэй хайр халамжаар дутааж, ганцаардуулж, өөрөө л өөрийнхөө зөнгөөр өсч төлөвшсөн тэдний сэтгэлийн дутуу дундуурыг бид ямар үнээр дүүргэх бол. Ээж ааваасаа гэрэвшиж холдсон тэдний сэтгэлийг харь газар хөдөлмөрлөж олсон мөнгө эргүүлж өгч чадна гэж үү?

Та нэгийг бодоод үзээч, таны аз жаргал мөнгөнөөс үнэ цэнэгүй гэж үү?

Мөнгө бол зөвхөн хэрэглээ, өөр юу ч биш

Сурталчилгаа

7 responses to “МӨНГӨ ГЭЖ ЮУ ВЭ?

  1. Mash zov zuitei asuudal hondoj, hund 1-g bodoj 2-g uhaarahaar zuil bichsen tanid bayarlalaa Yag unende onoodor iim l bolson tsag shuu dee Gehdee ene ni niigmiig, niitiig hamraad bgaa ni ayul yum. Gelee gd hen negniig buruutgah ni oroosgol yum. Setgel zurhee ariun bailgaj chigch shudarga zang barimtalbaas medehgui chadahgui gh zuilgui bogood gagtshuu ta bidnii setgeliin chin zorig medeh bolgoo!!!

  2. 1 iig bodood 2 tungaagaad bugdeeree amar Mglruugaa bugd butsya.
    Оюуны болон биеийн хөдөлмөрийн үнэлэмжgui.,

    -Бизнес шударгаар эрхлэх unen боломжгui ,

    -Монгол орон даяар хууль тогтоомж тэгш үйлчилдэг, шударга ёсыг тогтоох,

    -Ямарч хүн шударгаар хөдөлмөрлөж, хийснийхээ хэрээр хөлсөө авч сайхан амьдрах боломжгui gazarluu.

  3. Ih saihan zuil bichjee. Bodold avtuulchlaa. Zaaval mongoldoo ireh geed bh albagui l dee. Gehdee l yugaa aldaj baij yug olj bgaagaa humuus oilgoh l heregtei. Hoyordahi setgegdel bichigch hen negniig buruutgaagui l baih gej bodoj baina. Uneheer irehed ni yamar gazar ugtah bilee bodohod hetsuu l dee. Etssiin etsest mongo bol yu ch bish shuu dee. Uuniig l oilgoh heregtei.

  4. Yugaa aldan baij yug olj avch bgaag oilgoh heregtei geed yu ch bitgii hii gesen ug bish bh.Yamar negen amjilt olood esregeer ni yamar 1 yum aldaj zolioslon bj olloo geed buruutgagdaad ,gemsheed bh hetsuu yum.esvel bi heterhii gun tusgaj uhaj oilgood bj magadgui yum.Deerh bichsen niitleliig huleen zuvshuurch bna uneheer odoo niigemd tohioldoj bgaa zuils.100%.Gelee geed uch tuchnuun yum bolj ali neg ni gadagshaagaa garah bolomj az tohiogood garchaad zutgej bhad end tendees ni ard Mgl d chin ehner huuhed etseg eh chin chinii end zutgen bj oloh amjiltiin chini zolios ni ur huuhed ger buliin hartsaa chin shuu geed daramtlaad ch yum uu esvel ger buleeree bh gesen unenhuu huseed huseed uuruus bish busad huchin zuilsuudees shaltgaalaad biylegdehgui bgaa setgeliin zovinoliig sedreegeed tsaashid guriih setgeliig hatiig mohooj bgaa yum shig setgegdel tursiin unshaad.

  5. mungu unuudur bugdiig shiidej bgaach etssiin etsest unheer yuch bish bid unuudur oldog shigee sardag ene zugeer l tsaas bid uursduu ene mungu gedeg zuiliig buteegee bizdee tegeed yagaad etsest ni buteesen zuiliinhee bool boloh estoi gej…..mongolchuud bidend unuudur zuvhev ev negdel l heregtei bna 7sariin negniig ergeed neg sanay ene uil yavdal unuudriin bidnii amidarch bgaa niigem iin baidlraa urgejseleer bval ene tun udahgui davtagdan….BIDEND EV NEGDEL L HEREGTEI BNA MONGOLOO GESEN…….

  6. 2009 онд ингэж сайхан хэлж байхад 2016 оны сүүлийн улиралд уншиж суухдаа 2009 онд энийг би уншсан бол гэмээр харуусан суух юутай гашуун. Сайхан нийтлэлийг Саруул ухаанаар бичжээ. Магадгүй энэ бидний сонголт л юм болов уу Монголдоо амьдрах уу Гадаадад амьдрах уу ямар ч ухаант боловсон боловсорсон хүн Гадаадад руу гарах нь илүү болсон цаг үед л байнадаа Ирэх нь буцан ирж Үлдэх нь үлдэх хорвоо

  7. 2017.10.23 8 jiliin daraa hedii ch niitleld garsan shig amidral , niigem yg l heveeree zarim talaaraa magadgui ahisan , harin zarim talaaraa hevendee bur dordson niigem bolood bn da hamgiin golni eh orondoo eleg buten ger bul enh saruul amidrah orchin nohtsol bolomj buyu ajilguidliig buuruulahad anhaarlaa handuulj ajillamaar shig. uildver, uildverjilt buteen baiguulalt geed mongol huniig ajiltai amidraltai zorilgotoi baihad ni chiglesen boditoi bodlogo yvuulmaar shig.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s