Австрали орноор
УИХ-ын дэд дарга Н.Энхболд, гишүүн Х.Тэмүүжин бидний баг Австралийн Парламентад айлчилж байна. Хол ч газар юм, уулзалтын цагууд маань ч их шахуу юм, блогоо бичиж амжихгүй л яваад байлаа. Бид Австралийн Парламентаас гадна эндэхийн уул уурхайн компаниуд, фермерүүд, их сургууль, улс төрийн намуудтай уулзалт хийлээ.
Өчигдөр Австралийн нийслэл Канберра хотоос Сидней хүртэл 5 цаг гаруй машинаар аялж эндэхийн хөдөө нутгийн амьдралтай танилцлаа. Харамсалтай нь замд нэг ч кенгуру харагдсангүй 
Явсан газрын фото зургууд:
Австралийн Ногоон намын орон нутгийн салбар дээр. Тэдний хуралд сууж, дэмжигчид, гишүүдтэй нь ярилцаж явахад иймэрхүү “амьд” харилцаа ямар их мэдээлэл, мэдлэг өгч чаддагийг мэдэрч явлаа.
Төлөөлөгчдийн танхимын тэргүүн эрхэм Харри Женкинсийн хамт. Австрали-Монголын харилцаа улам ойр, эрчтэй болж байгаа нь энэ хүний оролцоо, зүтгэлтэй их холбоотой.
Австралийн Парламентийн байрны өмнө. Маш сайн төлөвлөлттэй, нийт 6000 хүн ажилладаг, үнэхээр орчин үеийн тоноглолтой, ургамал, усаар хүрээлэгдсэн “ногоон” байр байх юм. Энэ байрыг барихад 1 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд Австраличууд үүнийгээ улс орныхоо төлөө хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалтын нэг гэж үнэлдэг юм байна.
Сиднейн Их сургуулиар очлоо. 127 орны 46 мянган оюутан суралцдаг, 200 шахам жилийн түүхтэй, орчин үеийн судалгаа шинжилгээний том төв юм байна. Монголчууд бидний хамгийн түрүүнд үлгэрлэн дууриах газар бол энэ байх даа гэж бодогдож байв.
Австралийн Ногоон намын тэргүүн сенатор Боб Брауны хамт. Тэд өнгөрсөн 8-р сард болсон сонгуулиар бүх шатны хурлуудад суудлаа 5-аар нэмж , одоо нийт 11 суудалтай, эрх баригч Хөдөлмөрийн намтай эвсэн ажилладаг юм байна.
Бас номын дуу сонсов
Австралид уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал их хөгжсөн. Эдгээр салбарын хөгжлийг нэн сайн зохицуулахгүй бол сөрөг үр дагавар ихтэй томоохон зөрчилдөөнийг ч дагуулах эрсдэлтэй. Тиймд холыг харсан стратеги төлөвлөлтийг маш сайн хийх хэрэгтэйг тэд зөвлөж, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байлаа.
Австралийн хөдөө нутгийн дэн буудлаар ороход тэд нутгийнхаа “сайн эрсийн” талаар өгүүлсэн зураг, эдийг олноор тавьж, тэднээрээ их бахархаж байдгийг харж болно. Ер нь Австрали бол 19-р зуунаас Английн эзэнт гүрний хамаг болохгүй нөхдөө илгээдэг цөллөг, шоронгийн нутаг байсныг бид олонтой уншдаг.
Сидней хотын гудамжинд суугаа уугуул абориген хөгжимчин эр. Сидней хотын усан боомт дээр.
…
Маргааш өглөө бид эндэхийн хамгийн том уул уурхайн бүс нутаг руу явна даа 
19 November 2010
http://www.enkhbat.mn/2010/11/%D0%B0%D0%B2%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D0%B8-%D0%BE%D1%80%D0%BD%D0%BE%D0%BE%D1%80.html























Pingback: GGN Australian news for Mongolians « Mongolian Community in Australia