Монголын Хөгжлийн шинэ үе
Эдийн засаг
Хэдийгээр дэлхий даяар санхүүгийн хямрал нүүрлэн, манай улсыг ч бас хамаарч байгаа хэдий ч улс орныг маань эдийн засгийн үсрэнгүй хөгжил тун удахгүй хүлээж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий 30 орчим ашигт малтмалын орд байгаа. Эдгээрийг ойрын 30 жилд эрчимтэй ашиглаж эхэлсэн тохиолдолд экспорт нэмэгдэж, ажлын байр олноор бий болж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх бөгөөд энэ хэрээр эдийн засгийн бүхий л салбар идэвхжиж эхэлнэ.
Санхүү
Монгол Улсад одоогоор 15 арилжааны банк, 15 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн мэргэжилтнүүд энэ тоог багасгах шаардлагатай гэж үздэг. Тийм ч байж болох юм. Гэхдээ энэ салбарт Үндэсний томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч өнөөг хүртэл үүсэхгүй, одоо байгаа хэсэг нь гадаадын хөрөнгө оруулагчид худалдах хандлага үүсээд байгаа нь сөрөг үзэгдэл болж байна.
Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид стратегийн ордуудыг ашиглаж эхэлснээр Монголын санхүү, банкны салбарт томоохон өөрчлөлт хийгдэж, эдгээр хөрөнгө оруулагчид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр “найдвартай” банк, санхүүгийн үйлчилгээ авах шаардлага үүснэ. Энэ үүднээс тэд боломжийн хэрээр манай улсад “өөрийн” санхүү, банкны үйл ажиллагаа эрхлэх байгууллагатай болохыг хүсэх юм.
Ямар ч байсан Монгол Улсын банкны салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, Азидаа нэр хүндтэй банкуудтай өрсөлдөж, “банкинд итгэх итгэл” эрс өсч манай банкууд ”олон улсын” шинжийг зүй ёсоор олж авна.
Соёл урлаг, Спорт
Соёл урлаг, спорт аль хэдийн арилжааны хэлбэртээ орчихсон явж байна. Энэ хэрээр ялангуяа урлагт хөрөнгө хаяж, өндөр чанартай бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдаж тэр чинээгээр урлаг өөрөө хөгжиж байна. Хамгийн наад зах нь өнөөдөр 10 жилийн өмнө шинээр гарсан Монгол киног “Өргөө”-д 5 хүн үздэг байсан бол өнөөдөр нэг удаадаа л 500 хүн үзэх байдал бий болжээ.
Гэхдээ урлагийн массад чиглэсэн салбарууд хүчтэй хөгжиж, сонгодог урлаг, уламжлалт урлаг соёлын хөгжил хангалттай хэмжээнд хүрэхгүй байна.
Хүмүүс хөрөнгөжиж өөрсдөө эрүүл байх, өөрийн компанийн нэр хүндийг өсгөх, сурталчлах үүднээс тамирчдыг спонсорлох үйл явц идэвхитэй явагдах боллоо. Тамирчдыг бага наснаас нь бэлтгэх, сургах ажил сайн хийгдэж, олимп, дэлхийн аваргуудын тоо өсөх хандлага нэгэнт бий болсон байна.
Үйлчилгээ
Улаанбаатар хотын ихэнхи дэлгүүр, бар, ресторан, бусад үйлчилгээний байгууллагуудын дотоод засал чимэглэл, үйлчлүүлэгчидтэй хандах хандлага, бараа бүтээгдэхүүний тайлбар, чанар эрс сайжирч дэлхийн аль орны ямар ч сайн үйлчилгээтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн байна. Энд гагцхүү Та мөнгөтэй л бол бид дээд зэргийн үйлчилгээ үзүүлж чадна гэсэн зарчим бодитоор хэрэгжиж байна.
Төрийн удирдлага, үйлчилгээг сайжруулахуй
Хувийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүд ийнхүү “Дэлхийн зиндаа”-нд хүрсэн тул тэд ч мөн Төрөөс тэр зиндааны үйлчилгээ, хандлагыг хүлээгээд байна. Харин төрийн үйлчилгээ нь дан ганц эдгээр компанид үйлчилдэггүй, үйлчлүүлэгчдийн ихэнхи нь тэр том хэмжээний аж ахуйн нэгж, эсхүл өндөр орлого бүхий иргэд биш тул хүндрэлтэй асуудлууд нэлээд үүсч байна.
Иймээс эдийн засаг, санхүүгийн байдал сайжирч иргэд, аж ахуйн нэгжийн орлого өсч, улсын төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр төрийн үйлчилгээг сайржуулахад зохих зардал гаргах нь зүйтэй байгаа юм. Нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр Төр бас өөрөө хөгжих шаардлага байна.
Өндөр овогт Сэрээновын Мандахбат
Улаантбаатар хот, Монгол Улс
2009 оны 10 дугаар сар 28
——оОо——














08/11/2009 at 11:24 PM
hi, melbourne d surdag oyutan bnaa, melbourne d mgl oyutnii holboo ch yumuu mglchuudiig holbodog yamar negen yum bgaa yu?
09/11/2009 at 1:08 AM
http://groups.yahoo.com/group/mglausVIC